Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Зөвлөлдөх уулзалтыг хоёрдугаар сарын 14, 15-нд зохион байгуулахаар болжээ

Э.Намуунцэцэг, iKon.mn
2023 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын хэмжээнд Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Академич Г.Чулуунбаатар, хуульч О.Мөнхсайхан нар өнөөдөр мэдээлэл өглөө.

Академич Г.Чулуунбаатар “Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнээс санал асуулгын асуултын эцсийн хувилбарыг боловсруулан Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-нд хүлээлгэн өглөө. Хуулийн дагуу ҮСХ анхны санал асуулгыг энэ сарын 30-нд багтаан зохион байгуулах юм. 

Хоёрдугаар шат нь Зөвлөлдөх уулзалт хэлбэрээр болно. Анхдугаар санал асуулгад ҮСХ-ноос санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 1,570 хүн оролцуулна. Тухайн санал асуулгад оролцсон иргэдээс дахин 50 хувийг санамсаргүй түүврийн аргаар сонгон Төрийн ордонд хоёрдугаар сарын 14, 15-нд болох Зөвлөлдөх уулзалтад хамруулах юм.

Монгол Улсын тэргүүлэх асуудлыг олж тогтоохын тулд эрдэм шинжилгээний хурал, мөн нийгэм эдийн засгийн зөвшилцлийн чуулга уулзалтыг зохион байгуулсан. 

Бид асуулга боловсруулахдаа энэхүү хоёр уулзалтад ирсэн хүмүүсийн саналыг мөн өмнө нь яригдаж байсан асуудлуудыг тусгасан. Эрдэм шинжилгээний хуралд 100 гаруй хүн оролцож, 71 асуудал хөндөж, 360 гаруй санал гаргасан бол энэ сарын 11-нд болсон чуулга уулзалтаар 240 орчим санал дэвшүүлсэн. 

Зөвлөлийн гишүүдийн боловсруулсан дөрвөн багцад хамаарах 20 гаруй асуулт, ҮСХ-ны мэдээлэл авах зорилготой асуултыг нэмээд нийт 50 орчим асуулт томьёологдсон байна.

Дөрвөн багцад 

  1. Иргэний болон улс төрийн хариуцлага
  2. Парламентын ардчилал
  3. Эдийн засгийн баялгийн хуваарилалт, төвлөрлийг сааруулах 
  4. Нийгмийн тулгамдсан асуудал агуулгыг хөндсөн. 

Зөвлөлдөх уулзалтын дараа ҮСХ-ноос анхдугаар шатны санал асуулгын дүнг нэгтгэж, санал дүгнэлт бүхий тайланг Зөвлөлдөх зөвлөлд ирүүлнэ. Тухайн тайлан дээр үндэслэж, манай зөвлөлөөс УИХ-д зөвлөмжөө хүргүүлнэ. Энэхүү ажлыг хоёрдугаар сарын 20-нд багтаан дуусгах ёстой" гэсэн юм.