Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

ЗГ: "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК-д илэрсэн санхүүгийн зөрчлүүд

П.Зоригт, IKON.MN
2022 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК-д хийсэн хяналт, шалгалтын дүн мэдээллийг танилцуулсан юм.

Тус компанийн санхүүгийн тайланд хяналт, шалгалт хийхэд 1.2 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэлэв. Мөн тэрбээр 1.2 их наяд төгрөгийн зөрчлийн дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулсан юм. 

Тодруулбал, 

56.5 сая ам.долларыг ямар ажил үйлчилгээ эрхэлсэн нь тодорхойгүйгээр концесс хэрэгжүүлэгч "Кью Эс Си" компани руу шилжүүлсэн байна.

Банкнаас авсан 13.1 сая ам.долларын зээлийг "Кью Эс Си" компанийн дансанд шилжүүлсэн. Улмаар 312 тэрбум төгрөгийн хүүг "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК-аас хийж байсан.
55 тэрбум төгрөг нь вагон түрээсийн төлбөрт илүү төлсөн төлбөр. Энэ нь маш ноцтой зөрчил. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн данснаас мөнгө гаргуулж вагон худалдаж аваад тухайн вагоноо “Төмөр замын зураг төслийн институц” нэртэй компанид өмчлүүлсэн байгаа юм. Буцаад тэр компаниасаа "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК-д вагон түрээслүүлж, 55 тэрбум төгрөгийг гаргаж авсан.
Гаалийн байгууллагад мэдүүлсэн борлуулалтын мэдээллээс 4 сая ам.долларын зөрчил илэрсэн.
Худалдаа хөгжлийн банкнаас авсан зээлд "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК-ийн 494.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгө, орлогыг барьцаалсан. Энэ нь өнөөдрийг хүртэл чөлөөлөгдөөгүй.
2017-2027 он хүртэл "Кью Эс Си" компани нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрт менежмент үзүүлсний хөлс гэж (154.4 тэрбум, 100.2 тэрбум) хоёр удаа хувааж урьдчилж төлбөр авсан.
108.3 тэрбум төгрөг нь хөрөнгө оруулалтын өглөгт ханшийн тэгшитгэл хийж нэмэгдүүлсэнтэй холбоотой зөрчил. Концесс хэрэгжүүлэгч нар 2014 оны валютын ханш 2020 онд хэдэн төгрөг болох вэ гэдгийг тооцоод өөрсдөдөө нэмэлт төлбөрийг гаргаж авсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалт хийхдээ тухайн үеийнхээ валютын ханшийг тооцоод нөхөж гаргаж авсан төлбөр гэж ойлгож болно.
Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар дотоодын мөнгөн харилцаа нь дотоодын мөнгөн тэмдэгтээр явагдана гэж заасан байдаг. Гэвч концесс хэрэгжүүлэгчид өөрсдөдөө ханшийн зөрүүг гаргасан. Үүний зэрэгцээ ханшийн зөрүүгийн хүүг тооцож дээр дурдсан 108.3 тэрбум төгрөгийг гаргаж авсан байна.