Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

ХААН Банк 70 сая ам.долларын санхүүжилт татлаа

СУРТАЛЧИЛГАА
2022 оны 10 сарын 19
Сурталчилгаа
Зураг зураг

ХААН Банк Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ)-тай 70 сая ам.долларын урт хугацааны санхүүжилтийн гэрээг 2022 оны 10-р сарын 19-ний өдөр үзэглэлээ. Тус гэрээг байгуулснаар ЕСБХБ Ногоон эдийн засгийг санхүүжүүлэх хөтөлбөрийн хүрээнд НҮБ-ын дэргэдэх Уур амьсгалын ногоон сан (УАНС)-гаас 15 сая ам.доллар, өөрийн эх үүсвэрээс 45 сая ам.долларыг бүрдүүлж нийт 60 сая хүртэлх ам долларыг байгаль орчинд ээлтэй ногоон зээлийг санхүүжүүлэх, нэмэлтээр Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 10 сая ам.долларыг санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ХААН Банканд олгож байна.

ХААН Банк 2006 оноос хойш байгаль орчинд ээлтэй бизнесийг дэмжих, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх ногоон төсөл хөтөлбөрийг дэмжиж ирсэн бөгөөд хэрэглээний болон бизнесийн төрөл бүрийн ногоон зээлийн бүтээгдэхүүнүүдийг харилцагчдадаа санал болгож байна.

Энэхүү санхүүжилтийн хүрээнд байгальд ээлтэй үйл ажиллагаа, эко бүтээгдэхүүнийг дэмжих уян хатан, таатай нөхцөл бүхий ногоон зээлийг харилцагчдадаа санал болгосноор уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтдаа тэмцэж, эх дэлхийдээ хувь нэмэр оруулах боломж бүрдэж байна.

ХААН Банк нь 2018 оноос НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг үйл ажиллагаандаа мөрдөж эхэлсэн бөгөөд банк дотор баримтлах Тогтвортой хөгжлийн бодлогоо 2020 онд батлан мөрдөж байна. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах буюу Тогтвортой хөгжлийн 5-р зорилтын хүрээнд ХААН Банк эмэгтэй бизнес, манлайлагчдыг дэмжих олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, хэрэгцээ шаардлагад нь нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож ирсэн билээ.

Тодруулбал, 2021 оны байдлаар 400 эмэгтэй бизнес эрхлэгч ХААН Банкны Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төвөөр дамжуулан сургалт хөтөлбөрүүд, экспертийн чадавхжуулах үйлчилгээ, холбох үйлчилгээ болон бизнес консалтингийн үйлчилгээ авсан байна. Энэ мэт  үндсэн үйл ажиллагааныхаа хүрээнд олон төрлийн зорилтот бүтээгдэхүүн, төсөл хөтөлбөр зэргийг амжилттай хэрэгжүүлэн ажиллажээ.

зураг
 

ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа “ХААН Банк нь ЕСБХБ-тай 2007 оноос  хамтын ажиллагаагаа эхлүүлж Монголын бичил, ЖДБ эрхлэгчдийг дэмжих замаар эдийн засгийн өсөлтийг бий болгох, зээлийн эрсдэл хуваалцах, эрчим хүчний хэмнэлт, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчинд ээлтэй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, худалдааны санхүүжилтийн чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байна. Энэ удаагийн санхүүжилтийн гэрээний хүрээнд ногоон төсөл хөтөлбөрийг тодорхойлох, зөвлөгөө өгөх, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих бүтээгдэхүүнийг бий болгох цогц  техникийн туслалцааг ЕСБХБ-наас давхар авч буйгаараа онцлог болж байна“ гэж цохон дурдлаа.

ХААН Банкны тухай

ХААН Банк нь Монгол орны өнцөг булан бүрд байрлах нийт 547 салбар, нэгж болон цахим сувгуудаар дамжуулан Монгол Улсын хүн амын 82 хувьд банкны бүтээгдэхүүн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэн ажиллаж байна. Улс орны эдийн засагт голлох нөлөө үзүүлдэг жижиг дунд бизнесийг бодлогоор дэмжин ажиллаж ирсэн төдийгүй зөвхөн зээлийн бүтээгдэхүүн санал болгохоос гадна Бизнес дэмжих төвөөрөө дамжуулан харилцагчдыг чадавхжуулан сургах, зөвлөгөө өгөх зэрэг санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлдэг. Бид мөн тогтвортой хөгжлийн бодлогынхоо хүрээнд үйл ажиллагаагаа ногооруулах ажлыг эрчимтэй хэрэгжүүлсээр байна. ХААН Банкны 2021 оны Тогтвортой хөгжлийн тайлантай ЭНД дарж танилцана уу.

Европын сэргээн босголт хөгжлийн банкны тухай

ЕСБХБ нь 1991 онд үүсэн байгуулагдсан олон улсын санхүүгийн байгууллага бөгөөд Европын холбоо, Европын хөрөнгө оруулалтын банк болон 71 улсад үйл ажиллагаа явуулдаг. Тус байгууллага нь нийгэм болон байгаль орчинд ээлтэй хөрөнгө оруулалт хийх зорилгынхоо хүрээнд өргөн хүрээний санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд өдгөө гурван тивийн 6,400 гаруй төсөл хөтөлбөрт нийт 170 тэрбум евро зориулаад байна. Харин Монгол Улсад 2 тэрбум гаруй еврогийн санхүүжилт олгож, 122 төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжихэд чухал нөлөө, дэмжлэг үзүүлсэн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Уур амьсгалын ногоон сангийн тухай

УАНС нь НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц болон Парисын хэлэлцээрийн хүрээнд хөгжиж буй орнуудын санхүүгийн хөдөлгүүр болох зорилготойгоор 2010 онд Канкуны хэлэлцээрээр үүсэн байгуулагдаж байсан. 2015 онд анхны төслөө санхүүжүүлж байснаас хойш  өдгөө нийт 170 гаруй төсөл, хөтөлбөрт 10.7 тэрбум ам.доллар зориулсан нь 600 сая гаруй хүнд хүрч, улмаар 2.3 тэрбум тонн нүүрсхүчлийн хий ялгарахаас урьдчилан сэргийлсэн гэсэн тоо баримт бий. Харин Монгол Улсад 430 гаруй сая ам.долларын санхүүжилт олгож, ногоон төсөл хөтөлбөрт хувь нэмрээ оруулжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.


Хамтын өсөлт төгөлдөр-ХААН Банк

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.