Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Я.Содбаатар: Монгол хүн бүр шинэ музейн Чингис хааны хүндэтгэлийн танхимд орж, сүсэглэн мөргөж, өөрийгөө даатгадаг байгаасай

Б.Даваабазар, iKon.mn
2022 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Маргааш 11:00 цагт буюу морин цагт "Чингис хаан" хаад, язгууртны музейн нээлтийн ёслол болно.

Нээлтийн ёслолын талаарх хэвлэлийн хурлын үеэр Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Я.Содбаатар "Нээлтийн ёслолд зориулж төрийн есөн хөлт цагаан тугийг "Чингис хаан" хаад, язгууртны музейд залах Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан.

“Олон улсын стандартад нийцсэн ийм музейтэй болсон нь монголчуудын түүх, соёлоо сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон түмнийг соён гэгээрүүлэх зэрэг чиглэлээр хийж байгаа олон ажлын нэг. Монгол инженерүүд, эрдэмтэн судлаачид, монгол залуус гээд үндэстнээрээ нийлж энэ том бүтээн байгуулалтыг хийж чадлаа. Олон хүний цаг зав, хүч хөдөлмөр шингэсэн.

XXI зуунд стандартын шаардлага хангасан бөгөөд цаашид ард иргэд, залуу хойч үеэ соён гэгээрүүлэх том бүтээн байгуулалт болсныг онцлон хэлье. Музейн сан хөмрөгийг бүрдүүлэхэд олон орны эрдэмтэн судлаачид, олон орны Засгийн газар, түүх соёлын мэргэжилтэн, олон байгууллага хамтарч ажилласан. Бүтээн байгуулалтын ажилд оролцсон нийт иргэддээ талархал илэрхийлье. Мөн бидэнтэй хамтарч ажилласан бүх хүнд талархлаа. Энэ хэмжээний зүйл босгохыг хүсэж цар тахлын амаргүй үед ажилласан билээ.

"Чингис хаан" музейг монгол хүн бүр ирж үздэг. Монгол хүн бүр музейн Чингис хааны хүндэтгэлийн танхимд орж, сүсэглэн мөргөж, өөрийгөө даатгадаг байгаасай гэж хүсэж байна" гэв.