Эрчим хүчний сайд Н.Тавинбэх гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн талаар танилцууллаа. Уг танилцуулгад:
Монгол Улсын эдийн засагт хамгийн чухал ач холбогдол бүхий төсөл бол Тавантолгойн ДЦС-ын төсөл юм. Энэхүү Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станцыг барьж байгуулснаар жилд 3150.0 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал бүхий эх үүсвэртэй болох ба улсын өмнөд бүс нутаг Өмнөговь, Дорноговь аймгуудын нутаг дэвсгэр дэх стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах суурь дэд бүтэц бий болно. Хамгийн гол зорилго бол Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээгээр Монгол улсын хүлээсэн үүрэг болох тус уурхайг дотоодын эрчим хүчний эх үүсвэрээс хангах боломж бүрдэж, импортын эрчим хүчний төлбөрт төлж буй 110-аас 120 сая ам.доллар дотооддоо үлдэх юм. Мөн экспортын шаардлага хангахгүй байгаа хүрэн нүүрсийг эдийн засгийн эргэлтэд оруулна.
Төслийг хэрэгжүүлэх хүрээнд, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 124 дүгээр тогтоолоор Тавантолгой дулааны цахилгаан станцын төслийг төрийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулахаар шийдвэрлэж, “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК байгуулсан. Компанийн 30 хувийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д эзэмшүүлэх замаар хөрөнгө оруулалтын 30%-ийг шийдвэрлэсэн бол үлдэгдэл 70 хувийг төслийн санхүүжилтийн зарчмаар санхүүжүүлэхээр төслийн ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлаад байна. Төслийг нийт 42 сарын хугацаанд хэрэгжүүлэх ба энэ хугацаанд 808.2 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Тавантолгойн ДЦС-ыг барихаар гаднын болон дотоодын компаниудтай хэлцэл хийгдэж байна.
Төслийн ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2 удаа зохион байгуулсан боловч шаардлагад нийцэх тендер ирүүлэхгүй байна. Үүнд, Олон улсын санхүүгийн байгууллага болон БНХАУ ын зүгээс нүүрсний станцын төслүүдэд хөрөнгө оруулахыг дэмжихгүй байгаа явдал их нөлөөлж байна.
Баруун бүсийн эрчим хүчний хангамжийг сайжруулах, хэрэглээний өсөлтийг хангах зорилгоор Ховд голд дээр Эрдэнэбүрэнгийн 90МВт-ын УЦС төслийг эхлүүлсэн. Эрчим хүчний салбарын зүгээс дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд оруулах сөрөг нөлөөлөл, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад оруулах хувь нэмэр, сэргээгдэх эрчим хүчийг дэлгэрүүлэх чиглэлээр монгол орны баруун бүс нутагт нэлээдгүй төслүүдийг төлөвлөн хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь цэвэр усны нөөц, гадаргын усны нөөц харьцангуй багатай хуурай уур амьсгалтай манай орны хувьд гадаргын ус хуримтлуулах экологийн ач холбогдолтой төсөл болно. Эрдэнэбүрэнгийн УЦС төслийн барилга угсралтын ажлыг 2023 онд эхлүүлэх бөгөөд 61 сарын хугацаанд үргэлжлэн 2027 онд ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна. Төслийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 95 хувийг, Монгол Улсын төсвөөс 5 хувийг санхүүжүүлнэ. Төслийн ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулсан, зээлийн тусгайлсан хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна. Зээлийн тусгайлсан гэрээний бэлтгэл ажлын хүрээнд БНХАУ-ын Эксим банктай байнга хамтран ажиллаж байна. Банкны зүгээс төслийн нийт талбай дахь түүх дурсгалын зүйлийг шилжүүлэх мөн төслийн нуур үүсэх талбай дахь иргэдийг бүрэн шилжүүлэх, мөн төслийн техник хяналтын зардлыг шийдвэрлэхийг шаардаж байгааг Соёлын яам, Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнтэй хамтран ажиллаж, түүх, соёлын өвийг 2024 он хүртэл үе шаттай шилжүүлэх график төлөвлөгөө гаргуулж, мөн иргэдийн нөхөн олговрыг үе шаттай төсөвт тусган олгосноор үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэхээ банканд мэдэгдсэн. Техник хяналтыг Монгол Улсын зүгээс тавих учраас мөн энэхүү зардлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа юм.
Одоогийн байдлаар зураг төслийн ажил эхэлсэн байна, хэдийгээр зээлийн тусгайлсан гэрээ байгуулагдаагүй байгаа боловч гүйцэтгэгч компанитайгаа харилцан тохиролцсоноор төслийн талбайд зураг төсөл боловсруулахад шаардлагатай өрөмдлөг, геологи, геодизийн ажлууд хийгдэж эхлээд байна.
Дорнод бүсэд, одоо ажиллаж байгаа Чойбалсангийн дулааны цахилгаан станцыг түшиглэн 50 МВт-ын дулааны цахилгаан станцыг барьж байна. Станцын барилга угсралтын ажил 50 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд 2023 онд бүрэн ашиглалтад оруулна. Төсөл хэрэгжсэнээр жилд 300 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх бөгөөд бүс нутгийн уул уурхай, газрын тосны үйлдвэрлэлийг дэмжинэ. Багануурын дулааны цахилгаан станц
Төвийн бүсэд Багануурын 400 МВт-ын ДЦС-ын концессын гэрээнд нэмэлт өөрчлөлтийг оруулсан боловч концесс эзэмшигч эрхээ шилжүүлсэн тул төсөл зогссон.
Мөн Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэн 300 МВт-ын дулааны цахилгаан станцыг хувийн хөрөнгө оруулалтаар барихаар төлөвлөж байна, төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс энэ ондоо барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр байгаагаа мэдэгдсэн.
Улаанбаатар хотод, Дулааны гуравдугаар цахилгаан станцыг шинэчлэн 325 МВт-ын шинэ станц барих төслийг ОХУ-тай хамтран хэрэгжүүлэхээр яриа хэлэлцээг эхлүүлсэн, ТЭЗҮ хийгдэж байна. Амгалан дулааны станцын хүчин чадлыг 116 Гкал/ц-аар нэмэгдүүлэх төслийн тендерийг зохион байгуулж, шалгарсан компанитай гэрээ байгуулсан. Хөгжлийн банктай санхүүжилтийн асуудлаар хамтран ажиллаж байна, зээлийн хүү нэлээд өндөр байна. Дараагийн үе шатанд Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын уурын хүчин чадлыг 500 тн/ц-аар тус тус нэмэгдүүлэх, Зайсан, Маршал таунаас Их бага тэнгэр, Дүнжингарав, Их засаг дээд сургууль орчимд өвлийн улиралд, хүйтний улирлын оргил ачааллын үед ажиллах дулааны эх үүсвэрүүдийг төлөвлөн хөрөнгө оруулалт, санхүүжилтийг шийдвэрлэх шаардлагатай байна. Мөн Дулааны хоёрдугаар цахилгаан станцын дэргэд 100 МВт-ын хийн цахилгаан станцыг төвийн эрчим хүчний системийн цахилгааны ачааллын горим тохируулгын зориулалтаар төлөвлөж байгаа ба төслийг концессоор хэрэгжүүлэхээр ЭЗХЯ-тай хамтран ажиллаж, концессын зүйлийн жагсаалтад оруулсан.
Эрдэнэбүрэн-Мянгад-Улиастай, Сайншанд-Цагаансуварга, Чойр-Сайншанд, Мандалговь-Арвайхээр, Багануур-Чойр, Багануур-Налайх-Улаанбаатар, Багануур-Чингис-Чойбалсан чиглэлийн ЦДАШ-уудыг барихаар Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан.
Эрдэнэбүрэн-Мянгад-Улиастай ЦДАШ-ын төслийг АХБ-тай, Чойр-Сайншанд, Сайншанд-Цагаансуваргын чиглэлийн шугамыг ЕСБХБ-тай, Багануур-Налайх-Улаанбаатар, Багануур-Чойр, Багануур-Чингис-Чойбалсан, Мандалговь-Арвайхээр чиглэлийн шугамыг Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлэхээр яриа хэлэлцээг эхлүүлсэн. Эрдэнэбүрэн-Мянгад-Улиастай ЦДАШ-ын төслийг АХБ-тай байгуулах ерөнхий хэлэлцээр тусгуулахаар Сангийн яамтай тохирч, зээлийн ерөнхий хэлэлцээр УИХ-д хэлэлцэх шатанд байна, Чойр-Сайншанд, Сайншанд-Цагаансуваргын чиглэлийн шугамыг ЕСБХБ-ны тусламжаар зөвлөх үйлчилгээний ажлууд хийгдэж байна. Дэлхийн банкны хувьд 4 төслийг банкны Удирдах зөвлөлийн хуралд танилцуулахаар ажиллаж байна. Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх, улмаар экспортын зориулалтаар хөгжүүлэх, Устөрөгчийн эрчим хүч, Цөмийн эрчим хүчний чиглэлээрх судалгааны төслүүдийг монгол улсад нэвтрүүлэх, ОХУ-аас БНХАУ руу татах байгалийн хийн хоолойг өөрийн орны хэрэгцээнд ашиглах төслүүдийг авч үзэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!