Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Номин: Наурызын баярыг ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлнэ

Б.Манлай
2022 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Наурызын баярыг ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгүүлэхээр нэр дэвшүүлэхээр UNESCO, Mongolian National Commission for UNESCO-той хамтран ажиллаж байгаа тухай Соёлын сайд Ч.Номин мэдээлжээ.

Тэрбээр "Монгол Улс 2005 онд Соёлын биет бус өвийг хамгаалах тухай, 2007 онд Соёлын илэрхийллийн олон төрөл зүйлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай ЮНЕСКО-ийн Конвенцид тус тус нэгдэн орсон. Ингэснээр үндэсний соёлын өв, дурсгалуудаа ЮНЕСКО-д бүртгүүлэн хадгалалт хамгаалалтыг нь шинэ түвшинд хүргэх, үндэсний уламжлалт соёлоо хүн төрөлхтний соёлын дэвшилтэт ололттой нийцүүлэн хөгжүүлэх, дэлхий нийтэд сурталчлах, соёлын гадаад харилцаа, хамтын ажиллагааг тэлэх шинэ боломж нээгдсэн бөгөөд түүхэн ач холбогдолтой үйл явдал болсон юм.

Дэлхий нийтээрээ улс орнуудын соёл уламжлалын мөн чанар, үндэсний ялгарал болсон соёлын биет бус өвүүд хурдацтай устан үгүй болж байгааг Олон Улсын байгууллагуудын судалгаанд дурдаж байна.

Тэр дундаа соёлын биет бус өв тэдгээрийг хадгалан хамгаалж, өвлөн уламжлагчдынхаа ёс уламжлалыг хойч үедээ залгамжлуулах, нийтэд сурталчлан таниулах үйл хэрэг бүхий л улс орнуудын өмнө тулгамдсан асуудал байсаар ирсэн билээ.

Тиймээс 2022 онд Казах түмний соёлын давтагдашгүй өв болсон Наурызын баярыг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгүүлэхээр нэр дэвшүүлэхээр UNESCO, Mongolian National Commission for UNESCO-той хамтран ажиллаж байна" гэв.

2010 онд НҮБ жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдрийг “Олон улсын Наурызын баярын өдөр” болгон тунхаглажээ.

Монгол Улсын нийт хүн амын 3.8 хувь буюу 120 гаруй мянга нь казах иргэн. 77.7 хувь нь Баян-Өлгий аймагт, бусад нь Ховд, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймаг болон Улаанбаатар хотод оршин суудаг. 21.2 хувь нь дээд боловсролтой, 49.3 хувь нь байнгын ажилтай. Хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн 41.9 хувь нь хөдөө аж ахуй, ойн аж ахуй, ан агнуурын салбарт ажилладаг статистик мэдээлэл бий. 

Наурызын баярыг Ойрх Дорнод, Балканы хойг, Төв Ази, Кавказ нутгийн 300 орчим сая хүн тэмдэглэдэг байна.