ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Усны салбарын хөгжилд мэдээллийн нэгдсэн сан дутагдаж байна"

ikon.mn
2022 оны 7 сарын 25
iKon.MN

“Усны салбарын манлайлагч” хөтөлбөрийн хүрээнд Монгол орны хэмжээнд тулгамдаад буй усны асуудлыг хөндсөн цуврал судалгаа, өгүүлэл, нийтлэлийг уншигчдад хүргэхээр зорьж буй бөгөөд энэ удаа бид усны дата мэдээлэл, түүний хүртээмжийн асуудлын талаарх нийтлэлээ хүргэж байна.

Усны салбарын хөгжилд мэдээллийн нэгдсэн сан дутагдаж байна

Аливаа ахуйг цогцлоох ул суурь нь ус байдаг. Усны нөөц, чанар, өөрчлөлтийг байнгын судалж тухайн газар нутаг, хүн ам, үйлдвэр аж ахуйн хэрэгцээ, байгаль орчны онцлогтоо тохирсон усны нэгдсэн менежментийг хэрэгжүүлэх нь аливаа улс орны тогтвортой хөгжил, аюулгүй байдлын чухал асуудал билээ. Тэгвэл хүн бүрд, ямар ч үйлдвэрлэлд ус бол анхдагч хэрэгцээ байдаг учраас бид бүгд зөв, үнэн бодит мэдээлэлтэй байх хэрэгтэй, бас эрхтэй болж байна.

Мэдээллийн зуунд амьдарч байгаа орчин цагийн хүмүүс бид дата өгөгдөл, шинжлэх ухааны судалгааны тайлан мэдээг олж унших, түүнийг хариуцагч мэргэжлийн байгууллагуудаас шаардах хэрэгтэй юм. Ингэснээр цааш цаашдаа бодит мэдээ мэдээлэлд тулгуурласан оновчтой шийдвэр гаргах, усны сайн засаглалыг бэхжүүлж, олон талт оролцоог бодитоор хангах боломжтой болно.

зураг
 

Эх үүсвэр: Сайн Засаглал (“Усны салбарын манлайлагч” хөтөлбөрийн хүрээнд Бритиш Колумбын Их Сургуулийн судлаач П. Болормаагийн тавьсан илтгэлээс)

Усны дата мэдээлэл гэж тэгвэл юуг ойлгох вэ гэдэг нь маш өргөн хүрээний асуудал юм. Үүнд анхдагч мэдээллүүд болох гадаргын усны харуулуудын урсцын хэмжилтүүд, газрын доорх усны хяналт-шинжилгээ болон усны чанарын хяналт шинжилгээний хэмжилт мэдээллүүд, гидрогеологийн зураглалын ажлын үр дүнгүүд, уст цэгийн хэмжилт мэдээллүүд, цаг уурын хэмжилтүүд зэрэг олон төрлийн мэдээлэл багтана.

Эдгээр дата мэдээлэл нь цаашдын судалгааны ажлын гол суурь болдог бөгөөд дата мэдээллийг боловсруулан, судалгаа явуулснаар хүн ам, үйлдвэрлэл, зэрлэг ан амьтан болон хөдөө аж ахуйн ус хангамжийг шийдвэрлэх, усны нөөц тогтоох, усны чанарын судалгаа шинжилгээ хийх, уур амьсгалын өөрчлөлт болон хүн амын нөлөөллөөс усанд ямар нөлөө үзүүлж буйг судлах, мөн эрдэм шинжилгээний чиглэлийн олон судалгаа шинжилгээ хийх боломжтой.

Эдгээр дата мэдээлэл болон судалгааны ажлын үр дүн нь цогц байдлаар нэгдсэн мэдээллийн санд нээлттэй байснаар тэдгээрийг төрийн бүх шатны байгууллагууд ашиглан үнэн зөв төлөвлөлт хийх, шийдвэр гаргах, усны салбарын оюутан, судлаачдад эрдэм шинжилгээний ажлаа хийх боломж үүсэх, олон нийт мөн усны талаар мэдлэг мэдээлэл авах олон талын ач холбогдолтой юм.

зураг
 

Гэсэн хэдий ч өнөөг хүртэл дээрх энгийн тогтолцоо хэрэгжиж чадахгүй байснаар усны сайн засаглалыг хэрэгжүүлэхэд бүх шатандаа доголдолтой явсаар байна.

Манай орны хувьд судалгаа шинжилгээний мэдээ мэдээллийг олж авах нь хүндрэлтэй байдаг бөгөөд усны салбарын байгууллагууд ч хоорондоо судалгааны тайлан мэдээллээ солилцох нь хязгаарлагдмал байдаг талаар өнгөрөгч 4-р сард болсон “Нийслэлийн усны тулгамдсан асуудал ба шийдэл” хэлэлцүүлгийн үеэр мэргэжилтнүүд дурдаж байв.

Жишээлбэл Байгаль орчны яамны харьяа усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Усны газарт байгаль орчин, усны чиглэлээр гадаад болон дотоодын хөрөнгө оруулалтаар хийсэн судалгааны ажлын тайлангууд, уст цэгийн тооллогын үр дүн, хэмжилтүүд, газрын доорх усны мониторингийн хэмжилт мэдээ зэрэг олон төрлийн мэдээ материалууд байдаг ч тэдгээр нь оюутан, судлаач нар түүнчлэн төрийн бусад байгууллагуудад хүртэл нээлттэй үзэх боломж байхгүй байна.

Усны яг ямар мэдээ материалууд ямар шалтгааны улмаас нууцад байдаг, ямар зэргийн нууцын ангилалтай, нууцын зэргээсээ хамааран хэзээ нууцаас гарах ёстой, нууцад ороогүй мэдээ материалыг ялгаж олон нийтэд нээлттэй болгох асуудлыг авч хэрэгжүүлж байгаа зэрэг мэдээллүүд тодорхой бус байна. Ингээд шинжлэх ухааны судалгаа, тайлан мэдээнүүд хязгаарлагдмал, нуугдмал, нэг газраа дарагдаад, цаашид ашиглагдах боломжгүй болж буй нь тэдгээр ажлуудад зарцуулсан төсвийн хөрөнгийг үргүйдүүлэх, цааш цаашдаа давхардсан ажил хийх, үл ойлголцол бий болгохоос гадна салбарын хөгжлийг хойш татах хүчин зүйл болж байна.

Усны чиглэлээр судалгаа шинжилгээ явуулдаг олон хувь судлаачид, төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүд байдаг ч тэдгээрийг хоорондоо уялдаа холбоотой ажиллах, судалгаа хийх боломжийг бүрдүүлэх, тэдгээр судалгааны материалыг нэгдсэн мэдээллийн санд зангидах нь яалт ч үгүй төрийн үүрэг билээ.

Усны тухай хуулийн 7.1, Байгаль орчны хамгаалах тухай хуулийн 35.1, Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.5.1.3 зэрэгт заагдсанчлан устай холбоотой мэдээллийн сан үүсгэх талаар багагүй хуулийн баримт бичгүүдэд заагдсан байдаг ч тэдгээр заалтууд бүрэн утгаараа хэрэгжиж чадахгүй байна.

Хэдий байгууллага тус бүрдээ өөрсдийн зарим усны санг хөгжүүлэн явж байгаа ч тэдгээрийг нэгтгэсэн нээлттэй нэгдсэн цогц мэдээллийн сан байхгүй байсаар байна. Энэ нь байгууллага тус бүр өөрсдийн чиг үүргийн дагуу багахан хэмжээний мэдээлэл цуглуулдаг ч салбар хоорондын уялдаа холбоогүйгээс нэгдсэн цогц нээлттэй орчин үеийн олон улсын туршлагад нийцсэн хөгжүүлэлт хийгдэхгүй байгаатай холбоотой.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 7-р бүлэгт Байгаль орчны мэдээллийн сан гэсэн бүтэн нэг бүлэг байх бөгөөд энэхүү хуулийн хүрээнд үндэсний байгаль орчны мэдээллийн сан үүсгэх, боловсруулах, түгээх, ашиглах, хадгалах, хамгаалах журам 2010 онд батлагдсан байна. Энэ хүрээнд Байгаль орчны мэдээллийн санг (https://eic.mn/) үүсгэсэн хэдий ч байнгын мэдээллийн шинэчлэлт, хөгжүүлэлт тогтмол хийгдэхгүй байгаа нь хэрэглээ болж чадахгүй байгаагийн хамгийн том шалтгаан болж байна. 

Усны мэдээллийн санг үүсгэхдээ НЭЭЛТТЭЙ байх зарчмыг баримтлан дэлхийн хөгжингүй бусад улс орнуудын хэрэгжүүлсэн сайн  жишээнээс суралцан хөгжүүлэх шаардлагатай.

Усны мэдээллийн сангийн бүрэлдэхүүн хэсгийг салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүдтэй хамтран боловсруулах, шаардлагатай мэдээллийг төрийн болон төрийн бус бүхий л эх сурвалжуудаас цуглуулах зохицуулалтыг хийх шаардлагатай.

Эргээд мэдээллийн санг төрийн болон төрийн бус байгууллагууд, судлаач, мэргэжилтнүүд олон төрлийн хэрэглэгч нар өөрсдийн хэрэглээнд тохирсон тохиргоотойгоор нэвтрэх зохицуулалтыг хийх боломжтой. Ингэснээр олон төрлийн байгууллага, мэргэжилтэн, судлаачид усны нэгдсэн мэдээллийн санг ашиглаж, цогц мэдээллийг үүсгэх, усны мэдээллийн санг өөрсдийн хэрэгцээнд нийцсэн хэлбэрээр ашиглах боломж бүрдэх болно. Энэ нь усны чиглэлээр салбар дундын зохицуулалт, уялдаа холбоог сайжруулах, олон нийтэд мэдээллийг нээлттэй болгож усны судалгаа шинжилгээний ажил хөгжих олон боломжийг үүсгэх болно.

Усны салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн тулд эхний ээлжид ерөнхий дүр зургийг гарган харж, өнөөгийн нөхцөл байдлыг үнэлж хэмжих шаардлагатай билээ. НҮБ-ын 7 дахь ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннаны “Сайн дата мэдээлэлгүйгээр бид сохроор нисэж буйтай ижил юм. Хэрвээ чи харж чадахгүй бол, асуудлыг шийдэж чадахгүй” гэсэн эшлэлээр нийтлэлээ төгсгөе.