Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Сүүлийн таван жилд хурдан морь унуулах нэрийдлээр хүүхдийн хичээл сургууль таслуулсан зургаан тохиолдол бүртгэгдсэн"

П.Зоригт, IKON.MN
2022 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ), Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ), Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хамтран унаач хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр албаны хүмүүс сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өгөв. 

-Усны ослоор олон хүүхэд нас бардаг. Энэ тал дээр анхааруулга сэрэмжлүүлэг өгөөч. Эцэг эхчүүдийн хяналт муугаас болж ийм зүйл болсон тохиолдолд ямар хариуцлага тооцох вэ?

-ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Э.Баярбаясгалан: Цагдаагийн байгууллага эцэг эхчүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, болзошгүй аюул ослын сэрэмжлүүлэг мэдээлэл байнга хүргэж байгаа. Харамсалтай нь нэг минут л анхаарлаа сулруулахад үр хүүхдээ усанд алдах, харамсалтай тохиолдол бүртгэгдэж байгаа. Дахин ийм асуудал гаргахгүй байх талаас нь цагдаагийн байгууллага анхаарч ажиллаж байна.

Цагдаагийн байгууллагаас хүүхдийн асуудал хариуцсан 103 мэргэжилтэн гаргаж өгсөн. Тухайн ажилтнууд хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр бүхий л арга хэмжээг зохион байгуулдаг. 204 хорооны хамтарсан баг эрсдэлт нөхцөлд байж болзошгүй бүх айлуудаар ажиллаж байгаа. Төрийн байгууллагууд хүүхдийг аюул ослоос сэргийлэх ажил хийж байгаа. Эцэг эхчүүд анхаарал халамжаа сулруулахгүй байх хэрэгтэй. Тусламж хэрэгтэй бол төрийн байгууллагууд руу хандаж зөвлөгөө авах боломжтой.

-Унаач хүүхдийн боловсролын хоцрогдлын асуудалд хэрхэн анхаарч байгаа вэ?

-Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга Г.Саранхүү: Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хүрээнд хүүхдийн боловсролын асуудлыг чухалчилж үзсэн. Хууль батлагдсанаас хойш сүүлийн таван жилд хурдан морь унуулах нэрийдлээр хүүхдийн хичээл сургууль завсарлуулж, таслуулсан зургаан тохиолдол бүртгэгдсэн. Тухайн тохиолдлуудад холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. 

Хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын хүрээнд Боловсролын ерөнхий газартай хамтран боловсролын орчин дахь хүүхдийн эрхийн зөрчил, хүүхдийн эрхийг хамгаалах, сургууль дээр ажиллаж буй хүүхэд хамгааллын багийг чадавхжуулах, хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх чиглэлээр төлөвлөсөн ажил хийгдэж байна.