Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Системийн өвчтэй хүүхдийнхээ гамыг алдуулахгүй асрахын тулд төрөөс тусламж хүсэж, өрх толгойлсон ээж өлсгөлөн зарлалаа

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны гадна өрх толгойлсон гурван хүүхдийн ээж өнөөдөр өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдлээ.

Түүний 14 настай охин хүнс, эмийн аюулгүй байдал алдагдсанаас үүддэг судасны өвчин буюу васкулит гэх системийн өвчинтэй бөгөөд эрүүл мэндийн болон нийгмийн халамжийн тусламж үйлчилгээгээ авч чаддаггүй тухай хэллээ.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тэрбээр “Миний хүүхэд маш ховор төрлийн буюу 10,000-д 20 тохиолдох системийн өвчтэй. Энэ өвчин нь 2018 онд оношлогдсон бөгөөд цар тахлын үеэр маш эрчимтэй сэдэрч, эд эрхтэн рүүгээ нөлөөлөн 10 удаа эмнэлэгт хэвтсэн.

Төр засгаас ийм өвчинтэй хүнд үзүүлэх үйлчилгээ байдаггүй юм байна. Ийм өвчтэй хүүхдүүд өөрт хэрэгтэй эмнэлгийн үйлчилгээгээ ч авч чадахгүй байдалд байна.

Тодруулбал, системийн өвчин бусад эрхтнүүдэд нөлөөлдөг. Гэтэл өнөөдөр өвчин нь бөөрөндөө нөлөөлчихсөн хүүхдэд ЭХЭМҮТ гемодиализийн аппарат байдаггүй шалтгаанаар тохирсон эмчилгээгээ хийж чадахгүй байдалд байдаг. Энэ бол ганц хүүхдийн жишээ биш. Өөр олон ийм хүүхэд эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй, эрх нь зөрчигдөж байгаа.

ЭХЭМҮТ-д ганцхан эмч нь эмнэлэгт хэвтсэн 70-80 хүнд үйлчлээд, дараа нь амбулаторид үзлэг хийдэг. Үнэхээр тэнд эмч нарын хүрэлцээ муу байгаа юм.

Тэгээд эмнэлгээс гарахаар чанартай эм тариаг нь уулгаж, хөдөлгөөнгүй асар, гамаа сайн барь гэж эмч нар зөвлөдөг. Гэтэл ийм өвчтэй хүүхдэд халамжийн мөнгө олгодоггүй. Би өнөөдөр хүүхдийн минь асаргааны мөнгөнд нэмэр болж, 188 мянган төгрөг олгох эсвэл төрөөс орон сууцаар хангаж өгөхийг гэж хүсэж байна.

Хэрвээ ингэвэл би хүүхдээ дааруулахгүй байхаас эхлээд эмч нарын зөвлөж байгаа бүх шаардлагыг биелүүлж чадна. Бид гэрт амьдарч байгаа тул гамыг нь барьж чадахгүй, бороо орохоор үерийн ус гэр рүү орж ирж, хүүхдийн маань арьс норонгуут өвчин нь сэдэрч байна.

Би туслаач гэж шат шатны байгууллагад хандаж явсан ч нэмэр алга. Тиймээс өнөөдөр өлсгөлөн зарлаж байгаа юм.

Би тусламж хүсэж, сүүлд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргатай уулзах гэж гадаа хүртэл хоносон. Тэр газар үнэхээр ямар ч сэтгэлгүй, орлогч дарга нь хуралтай байна гэх шалтгааныг нь хүндэлж иргэд 15:00 цагаас 18:30 цаг хүртэл хүлээсэн ч уулзаагүй, алга болчихсон.

Бурхан багшийн дүйчин өдөр тэр газрын үүдэнд сууж хоноход өдөр ажлын цагаараа “зугтсан” дарга нь шөнийн 02:00 цагт сошиалаас мэдээлэл аваад хүрч ирсэн. Хэд хоногийн дараа миний явуулсан албан бичиг юу болж байгааг асуутал нарийн бичгээр хянагдсаны дараа нэг, нэгээр нь дуудна эсвэл нийслэлийн мэргэжилтэнд хандахыг зөвлөж, сүүлдээ “Ийм асуудлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам мэднэ” гэх хариултыг өгсөн.

Төрийн албаны ажилтнууд иргэдэд тулгарсан асуудлыг муур, хулгана шиг бие, бие рүүгээ түлхэж, маш их чирэгдэл үүсгэж байна. Яагаад ийм ажлаа хийдэггүй байгууллага байгаад байдаг юм бэ гэж асуумаар байна.

Тэр газраас намайг хүүхдээ аваад Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрах төвд байрлаж болно гэж хэлсэн. Гэтэл зургаан настай хүүхдийг минь тэнд хамт байрлуулахгүй учир түр хамгаалах байранд байлгана гэсэн. Төрөөс тусламж хүсэхэд биелүүлэх боломж нь л энэ. Би нэг хүүхдээ Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрах газар аваачиж асраад нөгөө хүүхдээ түр хамгаалах байранд орхиж чадахгүй. Манай улсад эх үрийг салгах ийм л хууль үйлчилж байна. Энэ асуудлыг шийдэж өгтөл өлсгөлөн зарлана. Эх хүн учраас би үр хүүхдийнхээ төлөө тамираа тасартал явна. Хаана ч өлссөн ялгаа байхгүй. Тодорхой хариу өгөхгүй бол хүүхдүүдээ дагуулж ирэхээс өөр аргагүй" гэлээ.