Усны Нөөцийн Нэгдсэн Менежментийн Төлөвлөгөө
“Усны салбарын манлайлагч” хөтөлбөрийн хүрээнд Монгол орны хэмжээнд тулгамдаад буй усны асуудлыг хөндсөн цуврал судалгаа, өгүүлэл, нийтлэлийг уншигчдад хүргэхээр зорьж буй бөгөөд “2022 – 2030 оны улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө”-д хөтөлбөрийн оролцогчид өөрсдийн саналыг дэвшүүлэн, Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яаманд хүргүүлсэн юм.
Үүний хүрээнд Усны Нөөцийн Нэгдсэн Менежментийн Төлөвлөгөө (УННМТ)-ий талаарх ерөнхий мэдээллийг бэлтгэн хүргэж байна.
Усны Нөөцийн Нэгдсэн Менежментийн Төлөвлөгөө
Усны нөөцийн нэгдсэн менежмент (УННМ) ба Тогтвортой Хөгжлийн Зорилго (ТХЗ), Зорилтуудын уялдаа холбоо
2015 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2030 онд хүрсэн байх зорилго, хөтөлбөрийг баталсан байдаг. Үүнд ядуурлыг бууруулж, эх дэлхийгээ хамгаалан, 2030 он гэхэд бүх хүмүүс энх амгалан, таатай орчинд амьдрах боломжийг бий болгохыг гол зорилгоо болгосон. Энэхүү зорилго нь дотроо 17 үндсэн хэсгээс бүрдэх бөгөөд үүнийг Тогтвортой Хөгжлийн Зорилго (ТХЗ) гэж нэрлэж байна. ТХЗ нь хоорондоо уялдаа холбоотой бөгөөд нэг салбарт хийгдэх ажлууд нь бусад салбартаа мөн нөлөөлж байдаг. Тийм ч учраас хөгжил цэцэглэлт нь нийгэм, эдийн засаг, байгаль орчны хувьд тогтвортой, эдгээр нь хоорондоо тэнцвэртэй байх ёстой юм.
ТХЗ 6-д хүн бүрийн ус, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг хангах нь тогтвортой хөгжлийн үндэс бөгөөд усны нөөцийг тогтвортой ашиглах, удирдах нь бусад зорилгуудыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үздэг.
Зураг 1. ТХЗ 6 (мэдээллийг sdg.1212.mn/Home/Detail?id-с бэлтгэв)
УННМ батлах нь ус, хөрс, байгалийн нөөцийн менежмент болон хөгжлийн уялдааг хангах, сайжруулах үйл явц юм. Ингэснээр нэн чухал байгалийн экосистемийн үнэ цэнийг алдагдуулахгүйгээр эдийн засгийн болоод нийгмийн баялгийг ижил тэнцүү дээшлүүлэх боломж бүрдэнэ. Мөн УННМ нь бусад устай холбоотой тогтвортой хөгжлийн зорилго зорилтуудад хүрэх чухал урьдач нөхцөл болж байгаа юм. ТХЗ-ын 6.5.1 үзүүлэлт нь УННМ-ийн хэрэгжилтийг сайжруулахад төвлөрсөн бөгөөд үндсэн дөрвөн чиглэлээр үнэлдэг байна. Үүнд:
- Таатай орчныг бүрдүүлэх,
- Институцийн тогтолцоо,
- Удирдлагын арга хэрэгсэл ба
- Санхүүжилт гэсэн чиглэлүүд багтдаг.
Зураг 2. 6.5 зорилтын хүрээнд улс орнуудын УННМ-н хэрэгжилтийн ахиц (2017 – 2020)
Зураг 3. 2020 оны УННМ-н хэрэгжилтийн түвшин
1992 оны 1-р сарын 26-31-ны хооронд болсон Ус ба байгаль орчин олон улсын чуулга уулзалтаар батлагдсан Дублины гэрээнд дурьдсан дөрвөн үндсэн зарчим дээр суурилан УННМ-ийг баримт бичиг болгон гаргажээ. Дэлхий дахинд улс орон бүрийн хэрэгжүүлэх арга хэмжээг чиглүүлэх үндсэн зарчим нь:
- Цэвэр ус бол амьдралыг тэтгэгч бөгөөд байгаль эдийн засгийн хөгжилд зайлшгүй шаардлагатай хязгаарлагдмал, эмзэг нөөц юм;
- Усны менежмент болон бүтээн байгуулалт нь бүх талын оролцоон дээр суурилсан байх ёстой бөгөөд хэрэглэгч, төлөвлөгч, бодлого боловсруулагч зэрэг бүх түвшний хүмүүсийг оролцуулах шаардлагатай;
- Ус хангамж, хэрэглээ, хамгаалалт, менежмент зэрэгт эмэгтэйчүүд гол үүрэг гүйцэтгэдэг;
- Бүх хэрэглэгчдэд ус бол эдийн засгийн ач холбогдолтой байдаг, иймээс усыг эдийн засгийн бүтээгдэхүүн гэж авч үзэх хэрэгтэй.
Усны Нөөцийн Нэгдсэн Менежментийн Төлөвлөгөө (УННМТ) гэж юу вэ?
Улс орны хувьд тулгамдаж буй устай холбоотой асуудал сорилтын талаарх судалгаан дээр тулгуурлан зорилтот шийдэл болон авах арга хэмжээ, үйл ажиллагааг тодорхойлоход УННМТ-ий зорилго оршино. Тэдгээр үйл ажиллагаанууд тус бүртээ урьдчилан гаргасан хүрэх үр дүнтэй, хариуцагч эзэнтэй, төсөвтэй, мөн цаг хугацаатай байх ёстой. УННМТ-г боловсруулах үйл явцад тал бүрийн оролцогчдыг оруулснаар, холбогдох байгууллагуудад хариуцах арга хэмжээг даалгаснаар, уг төлөвлөгөө амжилттай хэрэгжих үндэс тавигддаг байна.
Үйл ажиллагаа тус бүр нарийн боловсруулсан алхмуудтай, хөрөнгө оруулалт хийхэд бэлэн, засгийн газраас баталгаажсан хөрөнгө оруулалтын боломжтой байх юм. Ингэснээр шууд төрийн зүгээс гүйцэтгэх, эсвэл бусад оролцогч талуудтай хамтран хэрэгжүүлэх боломж үүснэ.
УННМТ-г тодорхойлох гол ашиг тус, давуу тал нь:
- Оролцогч талуудаар баталгаажсан, засгийн газрын удирдлага дор усны аюулгүй байдлыг хангах арга хэмжээг тодорхойлон, хэрэгжүүлэх боломжуудыг нээж өгдөг;
- Улсын хэмжээнд УННМ-ийг сайжруулах зорилгоор хэрэгжүүлэхэд бэлэн үйл ажиллагааны мэдээллийн санг бий болгох;
- Улсын хэмжээнд тулгамдаж буй устай холбоотой тодорхойлсон асуудлыг шийдвэрлэх нэгдсэн төлөвлөгөөтэй байх;
- ТХЗ 6 ба УННМ Дэмжих Хөтөлбөрт хамрагдаж буй улс орнуудтай хамтран ажиллах, туршлага солилцох боломжтой.
УННМТ нь тухайн улсын бүхий л талын оролцогчдыг хамруулсан олон жилийн хамтын бүтээл, амлалт байдаг. Энэхүү төлөвлөгөө нь цөөн тооны чухал зорилгуудыг дэвшүүлэх шаардлагатай бөгөөд тухайн улс орны нэн тэргүүнд тулгамдаад буй устай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн байх ёстой. Мөн хөрөнгө оруулалтын томоохон боломжуудыг тусгах ба ингэснээр ТХЗ 6.5.1 шалгуур үзүүлэлтийг сайжруулах бүрэн боломж бүрдэнэ. Уг төлөвлөгөө нь төрийн байгууллага, хувийн хэвшил болон олон улсын донор байгууллагуудыг дэмжиж, хөрөнгө оруулалт татдаг байх шаардлагатай. Түүнчлэн бодит, хэрэгжихүйц байх ёстой бөгөөд бүтцийн хувьд бизнесийн арга барилтай байх ёстой байдаг байна.
УННМТ нь тухайн улсын засгийн газраас баримтлах бодлого, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, нэн шаардлагатай ажлуудтай уялдаж байх ёстой. Ингэснээр одоогоор хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд шийдэл болохуйц гарц гаргалгааг бий болгож, нөөц бололцоог зөв зохистой, үр ашигтай зарцуулахад хэрэгтэй. Ингэснээр том зургаар харахад тухайн орны ТХЗ 6.5.1 түвшинг давсан ажил хэрэг гүйцэтгэхэд нэмэртэй юм.
Монгол орны хувьд ...
Манай орны хувьд усны тухай хуулийг 2004 онд шинэчилж, усны нөөцийн нэгдсэн менежментийн зарчмыг бодлогод нэвтрүүлж, усны нөөцийг сав газрын захиргаа хариуцах талаарх заалтуудыг тусгажээ. Үүнээс хойш 2012 онд сав газрын менежментийг нэвтрүүлэн, 29 сав газрын хилийг тогтоож, 21 сав газрын захиргаа байгуулагдан, мөн 24 сав газрын талуудын оролцооны зөвлөл үйл ажиллагаа явуулж байна.
Зураг 4. Монгол улсын усны салбарын хөгжил (“Усны салбарын манлайлагч” хөтөлбөрийн хүрээнд 2030 Усны Нөөцийн Бүлгийн Монгол дахь хөтөлбөрийн суурин зохицуулагч Доктор Д.Доржсүрэнгийн тавьсан илтгэлээс)
Өнгөрсөн онд 2022-2030 оны улсын УННМТ-г боловсруулсан бөгөөд одоогоор Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яаманд хүргэсэн байна. Энэ хүрээнд “Усны салбарын манлайлагч” хөтөлбөрийн оролцогчид УННМТ-нд өөрсдийн саналыг бэлтгэн Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамны сайд Б.Бат-Эрдэнэд хүргүүлээд байгаа юм. Бид уг саналдаа голчлон усны засаглалыг бэхжүүлэх талаас анхаарал хандуулсан бөгөөд шинжлэх ухааны судалгаан дээр тулгуурласан тайлан мэдээг олон нийтэд нээлттэй, нэгдсэн мэдээллийн сангаас авах боломжийг бүрдүүлж өгөх; түүнд тулгуурласан оновчтой санал шийдлийг боловсруулахад залуучуудын оролцоог нэмэгдүүлэх талаас дэмжлэг үзүүлэх зэрэг хэд хэдэн саналыг тусгалаа.
Ингээд та бүхэн бидний саналтай танилцана уу. Уг саналуудыг дэмжиж байвал та бүхэн бодит ажил хэрэг болгоход дуу хоолойгоо хүргэж, бидэнтэй нэгдээрэй.
Усны салбарын манлайлагч хөтөлбөр
2022.06.14
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
