Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Хүүхэд насандаа авсан гэмтлийг эмчлээгүйн улмаас маш олон насанд хүрэгч сэтгэлийн шархтай, сэтгэл зүйн гэмтэлтэй хэвээр явж байна"

П.Зоригт, IKON.MN
2022 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сэтгэл зүйн гэмтэл шархтай хүүхдүүдтэй ажилладаг асрамж халамж, түр хамгаалах байр, тусгай хэрэгцээт сургуулийн сэтгэл зүйчдийг "Урлагийн сэтгэл заслаар чадавхжуулах нь" төслийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Хүүхэд, гэр бүлийн мэдээллийн сангийн эрсдэлийн үнэлгээний дүн мэдээлэлд дурдсанаар 2020 оны байдлаар нийт 22,154 хүүхэд бүртгэлтэй байна. Үүнээс

  • 0-2 насны 966
  • 3-5 насны 9,759
  • 6-10 насны 7,334 хүүхэд дээрх эрсдэлийн үнэлгээний мэдээлэлд бүртгэлтэй байгаа юм. 

Хүүхдийн сэтгэл зүйн талаар "Нархан" хүүхдийн асрамжийн төвийн ерөнхий менежер М.Урансайхан "Одоогоор манай төвд нийт 48 хүүхэд байна. Анх төвд маань сэтгэл зүйч байгаагүй. Улмаар 2014 оноос хойш тогтмол сэтгэл зүйч ажиллуулж эхэлсэн.

Асрамжийн төвд анх ирж байгаа хүүхдүүдийн айдас, түгшүүр маш өндөр түвшинд байдаг. Тиймээс ч хүүхэд хүлээн авах ажил хамгийн чухал. Нархан асрамжийн төвийн хувьд хүүхдийн сэтгэл зүйтэй холбоотойгоор сүүлийн гурван жил судалгаа авсан. Судалгааны дүнгээс харахад, асрамжийн төвд анх ирэхэд тухайн хүүхдийг найрсгаар угтаж авбал тэдний түгшүүр арилдаг гэдэг хариултыг өгсөн байна. Хүүхдийн сэтгэл зүйд бусад хүний харилцаа, хандлага маш чухал нөлөөтэй" гэдгийг хэлсэн юм. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн Монгол дахь үйл ажиллагааны захирал Б.Амаржаргал "Монгол дахь өсвөр насны гурван хүүхэд тутмын нэг нь сэтгэл хөдлөл, зан үйлийн өөрчлөлтөөс үүдэлтэй сэтгэл зүйн гэмтэлтэй болж байгаа талаар 2018 оны судалгаанд дурджээ. Хүүхэд насандаа авсан гэмтлийг эмчлээгүйн улмаас маш олон насанд хүрэгч сэтгэлийн шархтай, сэтгэл зүйн гэмтэлтэй хэвээр явж байна. Улмаар гэмт хэрэгт холбогдох, эргээд хүчирхийлэгч болох эрсдэлтэй. Тиймээс ч сэтгэл зүйн тусламж үйлчилгээ нэн чухал. 

Урлаг нь хүний сэтгэл зүйн утсыг хөндөж чаддаг. Түүнчлэн өөрийгөө илэрхийлэх боломжийг олгодог. Ялангуяа, урлагийн сэтгэл заслын эмчилгээ хийснээр өнгөрсөнд туулсан мэдрэмжээ үгээр илэрхийлж чадахгүй ч өөрийн зургаар илэрхийлэх боломжтой. Хүүхдүүдийн зурсан зураг дээр нь үнэлгээ хийж урт хугацаанд ажилладаг гэсэн үг.  Тиймээс ч эхний ээлжид "Урлагийн сэтгэл заслаар чадавхжуулах нь" төсөл 18 сарын хугацаатай үргэлжилнэ. Гэхдээ үүнийг 5-8 жилийн төсөл гэж харж байгаа" гэв. 

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав