Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Бизнес эрхлэгчид төсвөөс санхүүжих гэрээ хийхэд хээл хахууль өгдөг гэжээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2022 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

“Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагаас дэлхийн улс орнуудын авлигын индексийг өнөөдөр албан ёсоор зарлалаа.

Монгол Улсын хувьд дэлхийн 180 орноос 35 оноогоор 110 дугаар байр бичигдсэн байна. Үүний өмнөх жил манай улс 111 дүгээрт бичигдэж байсан юм.

Монгол Улсын авлигын индексийг хэрхэн тогтоосон талаар “Нээлттэй нийгэм форум”-ын засаглалын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадам дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Нээлттэй нийгэм форумын хувьд Дэлхийн эдийн засгийн форумтай хамтран ажилладаг. Бид жил бүр Дэлхийн эдийн засгийн форумын өрсөлдөх чадварын индексийн бизнесийн удирдах ажилтнуудын дунд явуулдаг санал асуулгыг зохион байгуулдаг.  

Цар тахлын нөхцөл байдлаас болоод Дэлхийн эдийн засгийн форумаас сүүлийн хоёр жилийн хугацаанд улс орнуудын өрсөлдөх чадварыг нарийвчлан гаргаагүй. Ерөнхийдөө дэлхий нийтээр анхаарах зүйл юу байна вэ гэдэг дээр дүгнэлт гаргаад явж байгаа. Авлигын төсөөллийн индекст орсон үзүүлэлтүүдийг бизнес эрхлэгчдийн өгсөн санал дээр үндэслэсэн гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.    

Манай улсын хувьд хамгийн гол анхаарах зүйл нь:

  • Төсвийн хөрөнгөөс санхүүжүүлж байгаа бараа, ажил үйлчилгээний гэрээ хийхэд хууль бус нэмэлт төлбөр авдаг,
  • Төсвийн хөрөнгөөс хувь хүн болон аж ахуйн нэгжид шилжүүлэх явдал нэлээн байна,
  • Шүүхийн шийдвэр гаргахад хууль бус төлбөр өгөх явдал нэлээд байна,
  • Экспорт, импорт хийхэд хууль бус төлбөр авдаг гэдгийг судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн олонх хэлсэн.

Дээрх дөрвөн асуудал нь манай улсын хувьд анхаарах шаардлагатай асуудал болж байна.

Харин татвар хураамжтай холбоотой асуудал харьцангуй гайгүй байгаа гэж үзсэн. Мөн төрөөс цахилгаан, дулаан зэрэг үйлчилгээ авахад хээл хахууль өгөх явдал харьцангуй бага гэж судалгаанд оролцогчид хариулсан байна.

Үүнээс үүдээд төрийн зүгээс худалдан авах ажиллагаанд тавих хяналтын сайжруулах шаардлагатай гэж үзэж байгаа. Мөн төсвийн хөрөнгийг хувьд шилжүүлэхдээ шууд хувийн компанид шилжүүлэх явдал нэлээд байдаг тул шилэн дансны цахим системийг шинэчлэн, иргэний нийгмийн байгууллагууд хяналтаа сайжруулах хэрэгтэй гэж үзэж байна" гэлээ.