Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/25-НД НИЙТЛЭГДСЭН

Жэймс Вэбб сансрын телескоп ажлын байрлалдаа хүрчээ

Р.Түвшин, iKon.mn
2022 оны 1 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Сарын өмнө дэлхийгээс хөөрч байсан Жэймс Вэбб сансрын дуран авай ертөнцийг ажиглах ажлын зогсоолдоо хүрсэн тухай Америк, Европын мэргэжилтнүүд өчигдөр мэдээлжээ.

“The Lagrand Point 2” (L2) гэж нэрлэсэн энэ байрлал нь дэлхийгээс 1.5 сая километрийн алсад, нар ба дэлхийг холбосон шугамын үргэлжлэл дээр оршдог.

Дэлхий дээр ажиллаж буй удирдлагын системүүд Жэймс Вэббийн дуранг тохируулах ажлыг ойрын саруудад гүйцэтгэх юм байна.

Үүнд телескопын гол дөрвөн багаж зэвсгийг ажиллуулж эхлэх, толинуудын тусгалыг тохируулах зэрэг ажлууд орж байгаа ажээ.

6.5 метр өргөнтэй, олон сегментээс бүрдэх үндсэн толийг тохируулах нь хамгийн хэцүү ажил юм байна. Уг толины бүх 18 сегмент зөв тохируулагдсаны дараа нэг том толь болж ажиллах юм.

 
Жэймс Вэбб телескопын байрлал

Өмнөх Hubble Space Telescope-ийн үйл хэргийг үргэлжлүүлэх зорилготой Жэймс Вэбб (James Webb) телескопыг өнгөрсөн сарын 25-ны өдөр Францын Гайанагаас Ariane-5 пуужинд тээвэрлэн хөөргөж байв.

Шинэ телескоп нь амьдрал оршиж байх боломжтой алсын гарагуудыг дурандах, манай ертөнцийн үүслийн эхэн үеийн үйл явцыг дурандах зорилготой.

Жэймс Вэбб одоогийн байрлалдаа нарны тойрог замаар эргэх бөгөөд нар, дэлхийг холбосон шугамаас төдийлөн холдохгүй юм байна.

Дэлхийгээс хөөрснөөсөө хойш өнөөдрийг хүртэл Жэймс Вэббийн төсөл ямар нэг алдаагүй, саад бэрхшээлгүй хэрэгжиж байгаа.

“Бүх үйл явц маш өндөр нарийвчлалтай, амжилттай хэрэгжиж байгаад бид маш их баяртай байна. Олон жилийн өмнө ердөө цаасан дээр байсан төсөл өнөөдөр биелээд L2 цэгт хүрээд байгаа нь үнэхээр гайхалтай. Сэтгэл санаа маш өндөр байна” гэж АНУ-ын Northrop Grumman компанийн системийн инженерийн багийн ахлагч Кайл Хотт ярьж байна. Тус компани NASA-тай хамтран Жэймс Вэбб телескопыг зохион бүтээх ажлыг гүйцэтгэсэн юм.

 

Эх сурвалж: BBC