Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

Крипто бизнесийн үүсгэн байгуулагч дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 1 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Binance крипто валютын арилжааны төвийн гүйцэтгэх захирал “CZ” хочтой Чанпэн Жао дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг болсныг Даваа гарагт нийтлэгдсэн Блүүмбэргийн тэрбумтнуудын жагсаалт харуулжээ.

Хятадад төрсөн Канадын иргэн Жаогийн хөрөнгийн хэмжээг $96 тэрбум гэж үнэлсэн нь Oracle компанийн үүсгэн байгуулагч Ларри Эллисоны хөрөнгийн хэмжээтэй бараг дүйж байна.

Өнгөрсөн онд виртуал хөрөнгийн үнэ ханш огцом өссөний үр дүнд этериумын үүсгэн байгуулагч Виталий Бутерин, Coinbase-ийн үүсгэн байгуулагч Брайан Армстронг нар бас тэрбумтнууд болж байв.

Блүүмбэргийн жагсаалт нийтлэгдсэний дараа Жао твиттер хуудсандаа “Жагсаалтын эрэмбэ дараалалд санаа зовох хэрэггүй. Аль болох олон хүнд туслахад анхааръя” гэж бичжээ.

Дараа нь тэр “Хөрөнгийн хэмжээгээр биш, буяны үйлсэд зарцуулсан мөнгөөр нь эрэмбэлдэг бол ямар вэ?” гэж саналаа бичсэн байна.

Binance компанийн хэвлэлийн төлөөлөгч CNN сувагт ярихдаа CZ бусад том бизнесмэнүүдийн нэгэн адил олсон хөрөнгийнхөө 99 хувийг сайн үйлсэд зориулах хүсэлтэйг мэдэгджээ.

Binance компанийг Чанпэн Жао 2017 онд байгуулж байсан нь яваандаа дэлхийн хамгийн том крипто арилжааны төвүүдийн нэг болсон юм. Цагаач гэр бүлд өссөн тэрбээр өмнө нь МакДональдс түргэн хоолны газарт ажилладаг байжээ.

МакГиллийн их сургуулийг компьютерын ухаанаар төгссөн Жао дараа нь Токиогийн Хөрөнгийн Бирж, Блүүмбэрг компанийн арилжааны программ хөгжүүлэлтийн багт ажиллахдаа туршлага хуримтлуулсан байна.

2013 онд тэр биткоины талаар анх сонсоод амьдралаа крипто бизнест зориулахаар эргэлт буцалтгүй шийдэж, биткоин худалдаж авахын тулд амьдардаг орон сууцаа зарж байжээ.

 

Эх сурвалж: CNN