Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хүн бүрийн мэддэггүй Турк улсын нууц гайхамшгууд

ikon.mn
2021 оны 12 сарын 25
iKon.MN

Сүүлийн жилүүдэд Монголоос Турк рүү аялах жуулчдын тоо эрс нэмэгдэж байна. Турк аялал гэхээр Истамбул хотын гэгээн сүмүүд, Каппадокиагийн агаарын бөмбөлөг, Памукалегийн гүн цэнхэр усан сан шууд толгойд тань бууж байгаа байх. Тэгвэл хүн бүр очоод байдаггүй, сонирхолтой үзвэр, газруудыг танд танилцуулъя. Таны ирээдүйн аялалд хэрэг болж юуны магад.  

Истамбул хотын нууц усан сан – Накилбент

Истамбул хотыг зорьсон хүн бүр заавал ордог газар нь “хөх сүм” буюу blue mosque. Уг нэр нь “Султан Ахметын сүм” буюу анх сүмийг байгуулсан султаны нэрээр нэрлэсэн хэдий ч хөх өнгийн дээвэртэйн дээр жуулчдад ч хэлэхэд амархан байдлаар “хөх сүм” гэх нэрээр илүү алдаршжээ. Гэхдээ энэхүү сүмээс холгүйхэн “Наккаш хивсний дэлгүүр” бий. Мэдэхгүй хүнд зүгээр нэгэн хивсний дэлгүүр шиг харагдавч газар доор нь нууц усан сан бий. Нэвтрэхэд төлбөр төлөхгүй бөгөөд одоо жижиг хэмжээний музей болгон тохижуулжээ.

Нийт 18 баганатай, битүү чулуугаар бүрсэн уг байгууламжийг Византийн эзэнт гүрний хаан Нэгдүгээр Жастиниан (Justinian I: 527-565)  бариулсан түүхтэй. Уг усан сан нь тухайн үед Константинопл хотын цэвэр усны агуулах байсан бөгөөд VI зууны үеэс одоог хүртэл бараг хамгийн сайн хадгалагдсан усан сан гэж үздэг. Хэрэв та азтай байвал уг байгууламжид жижиг хэмжээний тоглолт, Оттаманы эзэнт гүрэн, Византийн эзэнт гүрний түүх соёлын арга хэмжээ зохион байгуулагддаг. Эсвэл зүгээр л музейг нь үзэж тэртээ VI зуунд хүн төрөлхтний барьж байгуулсан ус хадгалах сангийн түүхээр аялах боломжтой. Турк улсаар аялахыг хүсвэл та Юнивишнийн “Аялалтай, бэлэгтэй кино” цэсээс хүссэн киногоо үзээд 10,000 бэлгээс сонгож болохын зэрэгцээ супер бэлгийн эзэн болоод хосоороо Турк рүү аялаарай.

 

Кизкалиси цайз

Монгол хэл рүү орчуулбал “ариун охины цайз” хэмээх нэртэй уг цайз нь Турк улсын Мерсин аймагт тэнгисийн эргээс холгүйхэн жижигхэн арлыг бүтэн бүрхэж оршино. Цайзыг загалмайтны нэгдүгээр аян дайны дараа Византийн эзэнт гүрний хаан Нэгдүгээр Алексиус бариулж эхэлсэн байдаг. Сүүлд XIII зууны үед “Киликийн Армены эзэнт гүрэн”-ий хаан Нэгдүгээр Лео үргэлжлүүлэн барьж дуусгав. Домогт өгүүлснээр Византийн хаан Алексиусын охиныг могойд хатгуулж нас нөгчинө хэмээх зөгнөл гарсан байна. Хаан охиноо могойн хороос хамгаалахын тулд жижиг арал дээр том цайз барьж өгөн, олон зуун цэргүүдээр мануулав. Харамсалтай нь жимсний сагсанд шурган орсон могой цайзад орж охиныг хордуулан алсан гэдэг.

Усан дээр хөвж буй мэт харагддаг уг цайз харамсалтай нь цаг уур, байрлалаасаа болж ахин сэргээгдэх боломжгүй бөгөөд хэзээ нэгэн цагт нурж унахаа хүлээн тэнгисийн эрэгт ирсэн жуулчдын нүдийг хужирлан хөвж буй. Үүнээс харвал ганц Турк улсад л гэхэд ямар их түүх, олон өөр улсууд оршин тогтнож байсныг харж болно. 1256 онд Монголын эзэнт гүрний цэргүүд буюу Хүлэгүгийн цэргүүд уг Кизкалисигийн цайзаар дайран өнгөрч Армены эзэнт гүрний цэргүүдтэй хүч хавсран одоогийн Сири улсын Алеппо болон Дамаскус хотыг эзэлж байсан түүхтэй. Газар дундын тэнгисийн эрэг дээр байрлах уг цайзыг та үзэхийг хүсвэл Турк улсын Мерсин аймгийг зориорой. Мөн цайзаас холгүй “Там ба диваажингийн хонгил” байдаг. Энэ нь зэргэлдээ хоёр маш том хэмжээтэй ангал байдаг ба диваажин нь 70 метр гүн. Та шат эсвэл цахилгаан шат ашиглан доош буун байгалийн сайхныг мэдрэх боломжтой бол там нь 128 метрийн гүн бөгөөд доош буух боломжгүй юм. Домогт өгүүлснээр Зевс бурхан аварга мангас Тайпоныг энэхүү тамын нүхэнд хорьсон гэж үздэг байна. Цайзыг үзэхийг хүсвэл Юнивишнийн “Аялалтай, бэлэгтэй кино” урамшуулалд оролцон хосоороо Турк улсаар аялаарай.

 

Энэ мэт сонирхолтой газруудыг үзэхийг хүсвэл Юнивишнийн “Аялалтай, бэлэгтэй кино” цэсээс кино үзэх эсвэл кино багц идэвхжүүлэн Турк улсаар аялах эрхийн эзэн болоорой. Ганц Турк рүү аялах эрхээр зогсохгүй нийт 10,000 бэлэг байгаа гэсэн шүү. Дэлгэрэнгүй мэдээллийг Юнивишнийн сайтаас аваарай.

Санал болгох ресторан Галата шорон

 

Шорон гэсний учир нь хөл хөдөлгөөндөө дарагдсан Истамбул хотын бүдэгхэн гэрэлтэй буйдхан гудамд байрлах Галата хэмээх жижигхэн рестораныг 1900 оны эхээр Британичууд шоронгийн зориулалтаар ашиглаж байсан юм. Дараа нь Француудын мэдэлд шилжин явсаар 1990 онд хувьчлагдахад одоогийн эзэд болох Гөктугийн гэр бүл худалдан авч ресторан болгожээ. Галата рестораны хонхыг дарвал таныг Надир эсвэл Мэтэ Гөктуг тосон авна. Давчуу жижиг зайтай ч амтат зүүн европ, төв ази зоогоор менюгээ баяжуулсан Гөктугийн гэр бүл танд энэ барилгыг анх баригдсан цагаас нь өнөөг хүртэл ямар их түүх туулсныг нүдэнд харагдтал ярьж өгөх болно.

Орос “пелмени” буюу банш, “страгонов”, Гүржүүдийн хийж иддэг “хинкали” буюу Монголоор бол бууз, Турк өглөөний цай, “долма” гэж нэрлэдэг навчинд ороож иддэг Турк үндэсний зоог, Украины “борщ” зооглонгоо Гүрж вино амтлах боломжтой. Ийм олон орны зоог байгаа нь зөвхөн Турк улсын түүх бус Орос, Украин, Гүрж, газар дундын тэнгисийн орнууд энэ хоттой ямар холбоо хамааралтай гэдгийг та рестораны эзэн Гөктугийн амнаас сонсоорой. Хэдий зай бага ч Истамбул хотын эгц, нарийн, тахиралдсан гудамд маш сайн зохицох газар ажээ. Магадгүй нэг оройн зоогийг энд барих нь хаа нэгтэйгээс түргэн хоол авч идсэнээс хэд дахин илүү мэдрэмж, мэдлэг, мартагдашгүй мөчийг өгнө гэдэгт итгэлтэй байна.

Chill Cat-Томбили

Интернэт сүлжээнд “chill cat” хэмээх “мийм” зургаараа алдаршсан Томбили муурын бяцхан хөшөө Истамбул хотын Кадикое дүүргийн зам дагуу байрладаг. Замын боржуурыг эвлэгхэн нь аргагүй түшин, хөл хөдөлгөөнт их хотын амьдралыг алсаас ажиглаж суугаа бяцхан “бандгар” цагаан муурын зураг интернэт орчинд 2015 онд түгсэн. Томбили гэдэг нь Турк хэлнээ “бандгар, булцгар амьтан” гэсэн утгыг илэрхийлдэг байна. Харамсалтай нь Томбили муужгай 2016 онд нас барсны дараагаар хотын нийт 17 мянга гаруй оршин суугч гарын үсэг цуглуулан олны хүсэлтээр түүний сууж байсан яг тэр газар энэхүү хүрэл хөшөөг бариулжээ. 2016 оны 10-р сарын 4-ний өдөр хөшөөний нээлт болоход хэдэн зуун хүн ирж хөшөөнд нь цэцэг өргөсөн байна. Амар амгалан, “chill” байдлын илэрхийлэл болсон Томбили муур ийн олны танил болж, хотын оршин суугчдын хайрыг татсан түүх ийм. Хэрэв та муур, тэжээмэл амьтдад хайртай бол энэхүү жижигхэн хөшөөг очиж сонирхон, хамт “chill”-рээрэй.

 

Дэлхийн хамгийн том “цагаан заан” Бурж Ал Бабас

Цагаан заан хэмээх хэллэг нь одоогийн Таиланд улсаас үүсэлтэй. Олон зуун жилийн турш Таиландын ард иргэд цагаан өнгөтэй зааныг шүтэж, ажил хийлгэдэггүйн дээр маш их хоол хүнс өгч нэг ёсондоо тансаглуулдаг байв. Бүр 1917 оныг хүртэл төрийн далбаан дээрээ цагаан зааныг дүрсэлдэг байлаа. Гэвч яг үнэн хэрэгтээ цагаан заантай хүн баяжиж, хөрөнгөжихөөс илүүтэйгээр идэх хоол, гоёл чимэглэлд хамаг хөрөнгөө үрж үгүйрэн хоосордог байжээ. Ингээд орчин үед цагаан заан гэдэг хэллэгийг “их хүчин чармайлт гаргасан боловч хэнд ч хэрэггүй зүйл хийх” гэсэн утгаар ашигладаг.

Харин Турк улсын Истамбулаас Анкара явах замд Бурж Ал Бабас нэртэй том цогцолбор бий. Дубайн “Сарот” групп санхүүжүүлэн уг газар нийт 732 ширхэг Оттоманы эзэнт гүрний үеийн хэв загвартай цайз барьж аялал жуулчлал, халуун рашаан, шоппинг хийх маш том цогцолбор барихаар ажлаа 2014 онд эхлүүлжээ. Гэвч 2019 онд 583 ширхэг цайз барьж, 200 сая гаруй доллар зарцуулсны дараа эдийн засгийн хямралд өртөж төсөл бүхэлдээ зогссон байна. Одоо энэ их гоё хийцтэй, олон зуун цайзын оршин суугчид нь зөвхөн орон гэргүй муур, нохой байдаг. 2021 онд энэхүү төслийг үргэлжлүүлнэ хэмээн хотын захирагч мэдэгдсэн ч хэзээ эхлэх нь мэдэгдэхгүй хэвээр л байна. Хэдэн зуун ширхэг сайхан хийцтэй боловч нэг нь ч баригдаж дуусаагүй хаягдсан цогцолборыг харахыг хүсвэл “Аялалтай, бэлэгтэй кино” цэсээс киногоо үзээд хосоороо Бурж Ал Бабас-ыг зорьж болох л юм.