Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Батгэрэл: Зөвхөн “ХасБанкны” гэх соёлыг бий болгож чадсан нь бидний хамгийн том бахархал

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 12 сарын 22
Сурталчилгаа
Зураг зураг

-ХАС-ын түүхүүд-

ХасБанкны Бүртгэлийн хэлтсийн захирал Б.Батгэрэл.

Би банкандаа ажиллаад 20 гаруй жил болжээ. Багаасаа л банкны ажилтан болохыг хүсдэг, банканд үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүс нэг л гоё харагддаг байсан учраас эдийн засаг, санхүүгийн чиглэлээр сурч төгсөөд, 1999 онд одоогийн ХасБанкны эхлэл болох  “Хөгжлийн алтан сан” ББСБ-д ажилд орж байлаа. “Хөгжлийн алтан сан” нь Монголын анхны банк бус санхүүгийн байгууллага юм.

Тухайн үед өөр банканд ажилд орох боломж байсан хэдий ч “Хөгжлийн алтан сан”-ийн бичил бизнес, бага орлоготой иргэдийг дэмжих зорилго, ард иргэдийн амьдралд бодит тус дэм үзүүлэх бодлого, алсын хараа нь надад илүүтэй таалагдаж, сонгож байсан.

Тэрхүү 1990-ээд оны сүүл, 2000-аад оны эхэн үед яагаад ч юм банканд мөнгөтэй хүн л үйлчлүүлдэг гэсэн ойлголт нийгэмд байлаа. Жижиг бизнес эрхлэгчид бизнесээ явуулах санхүүгийн хэрэгцээ гарсан үед барьцааны боломж, хэрэгцээт мөнгөний хэмжээ зэргээс болж банканд хандах боломжгүй барьцаалан зээлдүүлэх газар л хандах боломжтой байсан. Харин манай байгууллага хүмүүсээс бодит барьцаа шаардахгүйгээр, итгэлцэл дээр тулгуурлан бага  хэмжээний  зээл олгож байснаараа жижиглэн худалдаа болон бичил бизнес, үйлчилгээ эрхлэгчдээс эхлүүлээд олон хүний амьдралд нэмэр болсон доо.

Бид харилцагчдадаа зээл олгохоос өмнө  санхүүгийн боловсрол олгож мөнгөө хэрхэн зарцуулах, орлого ашгаа хэрхэн тооцох зэрэг сургалтуудыг хийдэг байсан. Энэ нь маш өгөөжтэй байж бичил бизнесээс жижиг дунд бизнестэй болтлоо өргөжсөн харилцагч нар  маш их байгаа. Харилцагчдаа чин сэтгэлээсээ, шударгаар хандаж үйлчилгээ үзүүлдэг байсан тул зээлдэгч нар маань хүртэл зээлээ хугацаандаа төлөх  сэтгэлтэй, зээлээ төлөх хуваарьт өдрөө  сайхан хувцаслаад ирдэг, хамт зээл авсан хүмүүсээсээ түрүүлж төлнө гээд бүүр очер дараалал үүсгэж төлдөг байлаа. Нэг, хоёр хоног хугацаа хэтрээд ирэхдээ санаа зовж, сандардаг. Дараагийн удаа хугацаа хэтрэлтгүй байдаг гээд харилцагчид ингэж хичээж байгааг харах бидэнд урамтай байдаг байсан шүү.

Ийнхүү ажиллаж байх үедээ бид харилцагчидтай барьерийн цаанаас ярилцах биш нээлттэй нүүр тулж харилцдаг байсан нь харилцагчийг илүү нээлттэй, биеэ барих  байдлыг арилгадаг байсан. Мөн харилцагч 1 гүйлгээ хийхэд олон дамжлагаар дамжихгүй шууд 1 хүнээс хүссэн үйлчилгээгээ аваад явдаг байсан нь таалагддаг байсан. Энэ нь  одоогийн банкны теллерийн системийн үндэс суурийг бий болгосон түүхтэй.

Мөн үйл ажиллагаагаа өргөжүүлээд ХасБанк болох үед  зөвхөн их мөнгөтэй хүн гэлтгүй хэн ч, хэзээ ч банканд итгэж, найдаж, үйлчлүүлж болно гэдэг эерэг ойлголтыг бид түгээн дэлгэрүүлж чадсан байв.

Банк байгуулагдахад өмнөх байгууллагын найрсаг, харилцагчийн төлөө сэтгэл зүтгэлтэй, хичээнгүй соёл үлдэж, дээр нь удирдлагуудын маань нээлттэй, илэн далангүй удирдах ур чадвар ихэд нөлөөлснөөр “ХасБанкны” гэх тусдаа соёл төлөвшиж чадсан юм болов уу. Мөн нөгөөтээгүүр анхны гол зорилго болох бичил зээл олгох, жижиг дунд бизнесийг дэмжих замаасаа бид огтхон ч хазайгаагүй. Энэ бүхнээр би ихэд бахархдаг.

Банкандаа өдий хүртэл урт удаан ажилласан гол шалтгаан ХасБанкны соёл, сайн удирдлага, сайхан хамт олонд минь байна гэж боддог. Нөгөө талаас би хувьдаа нэг газраа тогтвор суурьшилтай ажиллахыг эрхэмлэдэг хүн шиг байгаа юм.

Анх “Хөгжлийн алтан сан” ББСБ-д  зээлийн эдийн засагчаар шалгалт өгч  тэнцэж, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт 5 дугаар салбар үүсгэн байгуулахад анхны 3 ажилтны нэг болж ажилласан. Улмаар үргэлжлүүлээд Чингэлтэй салбартаа  нягтлан бодогчоор, төв албаны картын төвд ахлах мэргэжилтэн, Cанхүү хяналтын хэлтэс, Бүртгэлийн хэлтэс гээд санхүүгийн чиглэлээр ажиллаж ирлээ. Энэ дундаа 2005-2012 оны хооронд ХасБанкны картын бизнес үүсэж, хөгжихөд төлбөр тооцоог нь хариуцаж ажиллаж байснаараа тодорхой хувь нэмэр оруулсан гэж боддог.

2005 онд ХасБанк картын төлбөр тооцоог нэвтрүүлэх, Contact Center буюу одоогийн Харилцагчийн үйлчилгээний төв нээгдэж банк харилцагчдад зайнаас хүргэх үйлчилгээнүүдийг хөгжүүлж эхэлсэн. Энэ нь одоогийн цахим банкны эхлэл байсан гэж боддог.

Банкны салбар бол залуу боловсон хүчнээр байнга сэлбэгдэж, хөгжиж дэвших онцгой боломжтой газар шүү дээ. Тиймээс миний 20 жилийн карьер бол тасралтгүй суралцаж хөгжих үйл явц байсан. Энэ он жилүүдэд бид хамтдаа маш их зүйл хийж бүтээсэн бөгөөд хийсэндээ сэтгэл ханах бус үүнийг дараагийн олон ажлын эхлэл гэж харж байна. Мөн банкны салбар бол өнөөдөр хамгийн хурдтай хөгжиж, маш их инновац хийгдэж буй салбаруудын нэг. Дижитал шилжилт гээч зүйл дөнгөж л түүхийн эхний хуудсаа нээж байна. Тиймээс цаашид бидэнд хийх зүйл их байна.

Миний хувьд өдий олон жил хуримтлуулсан өөрийн туршлагаа залуучуудтай хуваалцаж, мэдлэг чадвараа дайчлан, алдаа дутагдалгүй ажиллаж ирснийгээ банкандаа оруулсан хувь нэмрээ хэмээн бодож байна.

Анх хориодхон хүнтэй эхэлж байсан банк маань өнөөдөр 1300 гаруй ажилтантай болж, Монгол Улсын топ дөрвөн банкны нэг болжээ. Үүнийг хүмүүсийн сэтгэлд хүртэл үйлчилж чадсаны үр шим гэж талархан бодож явдаг.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.