Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

Дөрөвдүгээр сараас хойш анх удаа COVID-19-ийн нас баралт бүртгэгдээгүй өдөр тохиов

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сүүлийн найман сарын хугацаанд өнөөдөр анх удаа коронавируст халдварын улмаас нас баралт бүртгэгдсэнгүй.

Тодруулбал, COVID-19 халдварын эндэгдэл дотоодод бүртгэгдсэнээс хойш хамгийн сүүлд 2021 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр уг өвчний улмаас нас баралт бүртгэгдээгүй.

Түүнээс хойш өдөр бүр уг өвчний хүндрэлээр эндэгдэл бүртгэгдсээр нэг өдрийн хугацаанд дээд тал нь 18 иргэн нас барсан тохиолдол гарч байв.

Харин сүүлийн хоногт манай улсад COVID-19-ийн улмаас нэг ч эндэгдэл бүртгэгдээгүй нь өнгөрсөн найман сарын хугацаанд дахь анхны тохиолдол болж байна.

Сүүлийн сар гаруйн хугацаанд шинээр илрэх халдварын тохиолдол эрс буурч буй. Үүнтэй холбоотойгоор хүнд өвчтөний тоо ч багасаж байгаа юм.

Ташрамд дурдахад, Эрүүл мэндийн яамнаас 2020 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр коронавируст халдварын анхны эндэгдэл манай улсад бүртгэгдсэнийг зарласан.

Түүнээс хойш жил орчмын хугацаанд уг өвчний халдвар аваад нас барсан иргэдийн тоо 2,099 болоод байна. Үүнээс 1,968 хүнийг  коронавируст халдварын улмаас эндсэн гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаа бол 131 хүнийг архаг суурь өвчний улмаас нас барсан гэж үзэж байгаа юм.

 
COVID-19 халдварын нөхцөл байдал болон вакцинжуулалттай холбоотой мэдээллийг ЭНДЭЭС үзэх боломжтой.