Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/30-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсад COVID-19-ийн улмаас хүн нас барсан анхны тохиолдлыг Жон Хопкинсийн их сургууль бүртгэв

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 12 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

COVID-19 цар тахлын статистик мэдээллийн гол эх сурвалж болж буй Жон Хопкинсийн их сургууль Монгол Улсад коронавирусийн улмаас хүн нас барсан анхны тохиолдлыг бүртгэсэн байна.

Тодруулбал, Эрүүл мэндийн яамнаас 2020 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр мэдээлэл хийхдээ коронавирусийн халдвар авсан 76 настай иргэн нас барсныг мэдэгдсэн. "Тухайн иргэн цээжний булчин сулрах, амьсгал зүрх судасны даамжирсан дутагдалтай, артерийн даралт ихтэй, чихрийн шижингийн хэв шинж хоёртой, элэгний С вирусийн архаг үрэвсэлтэй байсан бөгөөд зүрх судасны дутагдлаар нас барсан. Дагалдах онош нь коронавирусийн халдвар" хэмээн ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал тухайн үед хэлж байв.

Манай улсад одоогоор 1,175 тохиолдол батлагдаад байна. Дэлхийн орнуудаас манай улстай хамгийн ойролцоо нөхцөл байдалтай байгаа нь Зүүн Африкийн Эритрей улс байна. 5.5 сая хүн амтай тус улсад коронавирусийн халдварын 1,220 тохиолдол, нэг нас баралт бүртгэгджээ. Мөн Вьетнам улсад 1,454 тохиолдол бүртгэгдсэнээс 35 хүн нас барсан байна. 

Коронавирусийн халдварт цар тахлын улмаас нийт 1,787,283 хүн нас баржээ.