Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Учрал: Койн, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийг ямар нэгэн байдлаар олон нийтэд сурталчлахыг хуулиар хориглоно

Т.Саран, iKon.mn
2021 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын гишүүн Н.Учрал Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Иргэд, үйлчилгээ үзүүлэгчийн хооронд койны асуудлаар үүссэн гэрээний эрх зүйн харилцааг төр зохицуулах боломж байхгүй. Зах зээл дээр койны ханш хэлбэлзэж, үүнээс болоод иргэд хохирч байна. Хууль гарснаар үйлчилгээ үзүүлэгчдэд тавигдах шаардлага өндөр болно. Койны асуудал дээр санхүү болон технологийн шалгуурыг хангасан байгаа эсэхэд мэргэжлийн холбоодын дүгнэлтийг үндэслэнэ. Мэргэжлийн холбооны эрх зүйн байдлын тухай хууль хүлээгдэж байгаа.

Хууль гарснаар зах зээл дээр арилжаалагдаж байгаа койнууд баталгаатай гэсэн үг биш. Бүртгэгдээгүй ямар нэгэн үйлчилгээ үзүүлэгчээр арилжаалагдаж байгаа койныг хууль бус гэж үзнэ.

Гурван сарын хугацаанд одоо байгаа 20 бирж шинээр бүртгүүлнэ

Хувийн дансаар хүртэл мөнгө босгох тохиолдол  байна. Үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлээгүй биржээр койн арилжаалахгүй. Анхдагч зах зээл дээр мөнгө босгож байгаа аж ахуйн нэгжүүд шинээр бүртгэлдээ хамрагдах ёстой учраас дөрвөн сарын дотор ямар ч бирж шинээр бүртгүүлэхгүй, койнууд гарахгүй. Үүнээс хойш гурван сарын хугацаанд одоо байгаа 20 бирж шинээр бүртгүүлэх зайлшгүй шаардлагатай.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг дагалдуулан Зар сурталчилгааны хуульд өөрчлөлт оруулж байгаа.

Зар сурталчилгааны хуулийн дагуу койн, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нарыг ямар нэгэн байдлаар олон нийтэд сурталчлах, ил, далд хэлбэрээр зарим үйл ажиллагааг санхүүжүүлэхийг бүрэн хориглож байгаа.

Иргэддээ анхааруулахад, виртуал хөрөнгийн харилцааг төр шууд утгаараа зохицуулж чадахгүй. Гэхдээ үйлчилгээ үзүүлэгч нарт тавигдах шалгуурын босгыг өндөрсгөж байгаа. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нарын хийж буй арилжаанд сэжигтэй гүйлгээ байгаа эсэхэд бүрэн хяналт тавина.

Мөнгөний эх үүсвэр нь хаанаас вэ гэдгийг тогтоох бололцоо бий. Тиймээс иргэд сайн судалж байж хөрөнгө оруулалтаа шийдэхийг анхааруулж байна" гэв.