Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Твиттерийн гүйцэтгэх захирал огцрохоор болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн томоохон сошиал платформуудын нэг Твиттерийн гүйцэтгэх захирал Жэк Дорси огцрох болсныг тус компани өчигдөр зарлажээ.

Твиттерийг үүсгэн байгуулагчдын нэг Дорси албан тушаалаа тус компанийн технологи хариуцсан дэд ерөнхийлөгч Параг Агравалд хүлээлгэж өгөх юм байна.

Дорсигийн гүйцэтгэх захирлаар ажиллах гэрээт хугацаа дуусах болоогүй байгаа. Тэрбээр үлдсэн хугацаандаа буюу 2022 он гартал компанийнхаа төлөөлөн удирдах зөвлөлд ажиллахаар болжээ.

“Компани үүсгэн байгуулагчдынхаа оролцоогүйгээр цааш хөгжихөд бэлэн болсон гэдэгт би итгэлтэй байгаа тул Твиттерээс явах шийдвэр гаргалаа” гэж Дорси мэдэгдэлдээ тайлбарласан байна.

“Би Твиттерийн гүйцэтгэх захирлаар ажиллах Парагт маш их итгэдэг. Тэрбээр сүүлийн арав гаруй жил ажиллахдаа компанийг шинэчилж чадсан. Би түүний ур чадвар, зүрх сэтгэлд гүнээ талархаж явдаг. Одоо түүний тэргүүлэх цаг болсон” гэж Дорси цааш нь бичжээ.

Одоо 45 настай Дорси төлбөр тооцооны Square компанийг давхар удирддаг. Сүүлийн үед тус компани криптовалютын зах зээлд түлхүү анхаарах болсон юм.

Дорси 2008 онд Твиттер компанийн гүйцэтгэх захирлын ажлаа бусдад шилжүүлж байсан бол 2015 онд дахин эргэж ирж байжээ.

2019 онд Дорси зургаан сарын хугацаанд Африкт ажиллаж, амьдрах төлөвлөгөөгөө зарлаж байв. Африк тивийн интернэт хэрэглэгчдийг ойлгохын тулд ингэх болсноо тэр тайлбарлаж байжээ. Гэвч цар тахлын улмаас энэ төлөвлөгөө нь биелээгүй юм.

Твиттерийн томоохон хөрөнгө оруулагчдын нэг Elliott Management Corp түүний ажлын цаг зөв зохистой зарцуулагдаж байгаа эсэхэд шүүмжлэлтэй хандаж, гэрээний нөхцөлийг нь чангатгах, эрх мэдлийг нь бусад захирлуудтай хуваалцуулах зэрэг санал гаргаж, заримыг нь хэрэгжүүлж байжээ.

Тиймээс Дорсигийн огцрох шийдвэр хөрөнгө оруулагчдын шахалттай холбоотой байж магадгүй юм.

Дорсигийн хөрөнгийн хэмжээг $12.3 тэрбум гэдэг. Үүний $10 тэрбум гаруй нь түүний Square компани дахь эзэмшлээс бүрддэг байна.

 

Эх сурвалж: AFP

 

Зураг
10 | 4 | 2 цаг