Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/26-НД НИЙТЛЭГДСЭН

National Geographic сэтгүүлийн нүүрэнд хөрөг нь нийтлэгдэж байсан эмэгтэйг Афганистанаас Итали руу дүрвүүлжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 11 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Гэрэл зурагчин Стив Маккаригийн буулгасан ногоон нүдтэй афган охины хөргийг 1984 онд National Geographic сэтгүүл нүүрэндээ нийтэлсэн нь дэлхий дахинд “Афган охин” нэрээр алдаршиж байжээ.

Маккари хөргийн эзэн Шарбат Гуллатай 2002 онд хоёр дахиа уулзаж, хөргийг нь дахин буулгасан байдаг.

 

2014 онд тэрбээр хууль бусаар цагаачлан амьдарч байсан нь илэрч, Пакистан улсаас хөөгдсөн тухай хэвлэлүүд мэдээлж байжээ.

Шарбат Гуллаг тэр үед Кабулд ирснийх нь дараа Афганистаны ерөнхийлөгч хүлээн авч уулзаад шинэ байрны түлхүүр гардуулж байв.

Энэ оны наймдугаар сард Талибанчууд Афганистаны засгийн эрхийг авсны дараа Гулла гадаадад дүрвэх хүсэлт гаргасныг хүний эрхийн байгууллагууд анхааралдаа аван хөөцөлдөж эхэлжээ.

Тэгвэл Итали улсын засгийн газар эмэгтэйг Афганистанаас дүрвүүлэх ажлыг амжилттай зохион байгуулснаа өчигдөр зарласан байна.

Ром хотод ирээд буй Гуллаг цаашид Италийн нийгэмд дасан зохицоход нь туслахаа ерөнхий сайд Марио Драгийн засгийн газар амлажээ.

Италийн засгийн газрын мэдэгдэлд “Афган охин” гэрэл зураг “тухайн үеийн Афганистаны ард түмний хүнд хэцүү амьдрал, зовлон шаналлын бэлгэдэл болж дэлхий нийтэд таниулсан ач холбогдолтой” гэж онцолсон байна.

 

Эх сурвалж: Associated Press