Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хүн амын 18% буюу 577,066 иргэн вакцины дархлаа сэргээх нэмэлт тунг хийлгэжээ

Ө.Цэлмэг, IKON.MN
2021 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

COVID-19-ийн эсрэг вакцины дархлаа сэргээх нэмэлт тунг өнгөрсөн хоногт 11,430 иргэн хийлгэжээ.

Ингэснээр бүүстер тунд хамрагдсан иргэдийн тоо хүн амын 18 хувь буюу 577,066-д хүрлээ.

Өнөөдрийн байдлаар коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунг 12-оос дээш насны 2,258,938 иргэн буюу хүн амын 69.4 хувь нь хийлгээд байна.

Харин хоёрдугаар тунд нийт 2,147,765 хүн буюу хүн амын 66 хувь нь хамрагджээ.

 

Вакцины хоёр тунтай 18-аас дээш насны иргэд гурван сарын дараа дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдана. Харин вакцины хоёр тунтай ч КОВИД-19-ийн халдвар авч өвчилсөн бол эдгэрснээс хойш 21 хоногийн дараа гуравдугаар тунд хамрагдахыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байгаа.

Засгийн газраас вакцины нэмэлт сэргээх тунгийн дархлаажуулалт зорилтот бүлгийн 50 хувьд хүрвэл "Шар" түвшинд шилжүүлэх талаар мэдэгдсэн. Энэ долоо хоногийн байдлаар зорилтот буюу 18-аас дээш насны иргэдийн 26 хувь нь хамрагдаад байгаа гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлж байв.

Ташрамд дурдахад, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг ресторан, зоогийн газрууд бүх ажилтнаа вакцины нэмэлт тунд хамруулсан бол 100%-ийн дүүргэлттэй ажиллаж, шинэ жилийн хүлээн авалт зохион байгуулж болохоор Хариуцлагын гэрээ хийжээ.

Мөн дээрх шинэ гэрээний хүрээнд шинэ жилийн хүлээн авалтад оролцох иргэдэд заавал нэмэлт тунд хамрагдсан байх эсвэл шинжилгээ өгөх шаардлага тавих аж.

Улаанбаатарт өнөөдөр дархлаажуулалтын явуулын 20, суурин 52, түр 27 цэг 09:00-20:00 цаг хүртэл ажиллана. Тухайн цэгүүдийн мэдээллийг ЭНДЭЭС үзэх боломжтой.