Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Доржханд: УИХ-ын гишүүдийн ядаж тал нь пропорционал системээр сонгогддог байх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын гишүүн Т.Доржханд төсвийн мөнгөөр хөшөө дурсгал барьдаг асуудлыг зогсоох, сонгуулийн тогтолцоог өөрчлөх, парламентыг бэхжүүлэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаа талаараа мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Хууль Д.Үүрцайх бид хоёр Үндсэн хуулийн цэцэд иргэний журмаар мэдээлэл гаргаж байна. Богд Зонховын хөшөөг 32 тэрбум төгрөгөөр барих болсныг иргэд өөрсдөө гаргаж ирж байна. Эмнэлэгт ор олдохгүй байхад яагаад хөшөө дурсгал барьж байгаа юм бэ гэдэг зөв зүйтэй асуудлыг тавьж байгаа. Нийгмийн ийм бухимдал байх ёстой зүйл.

Тэгвэл цаашид алдаагаа засаад явах уу үгүй юу гэдэг шийдлийг өнөөдөр гаргаж тавьж байна.

Юу гэхээр, 76 тойргоос УИХ-ын гишүүд гарч ирдэг. Дахин сонгогдохын тулд төсвийг 76 тойрог руу хуваадаг. Бид 30 жилийн турш ийм замаар явж ирлээ. Төсвийн хөрөнгөөр цемент зуурдаг. Тэр цемент ашиглалтад орсон цагаасаа эхлээд ус, дулаан, цахилгааны зардалд маш их төсөв зарцуулдаг. Үр дүнд нь төсөв томорч, алдагдал нь өсөж, түүнийгээ санхүүжүүлэхийн тулд өр тавьдаг. Үүнийг засах ёстой.

Ийм байдлаар бид цааш явбал төсөв хөгжлийг биш тойргийг л санхүүжүүлдэг хэвээр байна.

Тиймээс үүнийг өөрчлөхийн тулд сонгуулийн тогтолцоог өөрчилье. 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө Үндсэн хуулийн цэцээс сонгуулийн тогтолцоог зөвхөн мажоритар буюу тойргийн тогтолцоотой байх шийдвэрийг гаргасан. Үүнийг нь УИХ хүлээж аваад тогтоол гаргасан. Энэ түгжээг гаргах шаардлагатай байна.

Ингэхийн тулд Үндсэн хуулийн цэцэд 76 ядаж тал нь буюу 38 пропорцианаль системээр сонгогддог байх асуудлаар асуулгаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргаж байна. Ингэж өөрчилж байж өнөөдрийн яриад байгаа “Богд Зонхова” шиг төсөлд дахин төсөв тавигдахгүй. Энэ төсөл бол 2022 онд хийгдэх хөрөнгө оруулалтуудын зөвхөн нэг нь.

Мөн УИХ-аар хүчээр баталсан тогтоолын төслийг хүчингүй болгох шийдвэрийн төслийг би парламентын гишүүний хувиар санаачилна.

Хоёрдугаарт, УИХ Засгийн газарт хариуцлага тооцож чадахгүй болоод байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрын тэргүүн танхимаа бүрдүүлнэ, Засгийн газарт УИХ-ын дөрвөн гишүүн байж болно гэдэг хоёр заалт орсон. Гэвч энэ хоёр заалт нь хоорондоо зөрчилдөөд байгаа.  

Үүний дүнд Засгийн газар муу ажиллалаа гэхэд түүнд нь хариуцлага тооцох механизм алга. Тиймээс Үндсэн хуулийн үзэл санаагаар ямар нэгэн хязгаарлалтгүйгээр 100 хувь давхар дээлтэй байх эсэх асуудлыг нэг тал руу нь оруулах хэрэгтэй байна.

Өөрөөр хэлбэл, Засгийн газарт дөрөвхөн гишүүн орох юм чинь надад ямар ч боломж байхгүй гэдэг байдлаар гишүүнд хандаад, Засгийн газарт хариуцлага тооцохгүй байна. Үүнийг гаргаж ирж, дүгнэлт хийх газар нь Үндсэн хуулийн цэц юм. Тиймээс шаардлагатай бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг шаардах болно" гэлээ.