Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Цар тахлын эсрэг хариу арга хэмжээг эсэргүүцсэн иргэдийн жагсаал тэмцэл Европ даяар өрнөлөө

Т.Давааням, ikon.mn
2021 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Европын олон оронд цар тахлын эсрэг эрх баригчдын авч буй хариу арга хэмжээг эсэргүүцсэн жагсаал тэмцэл болж өнгөрлөө.

Баасан гарагт Нидерландын Гаага хотод хорио цээрийн шинэ дэглэмийг эсэргүүцсэн иргэд цагдаа нартай мөргөлдсөн бол Бямба гарагт Роттердам болон бусад хотуудад тэмцэл үргэлжилжээ.

Гааг хотод жагсагчдыг тараахын тулд морьтой цагдаа нар нохой, бороохой ашигласан байна. Жагсагчдын зарим нь өвчтөн тээвэрлэж явсан түргэн тусламжийн автомашин руу чулуу шидэж, цонхыг нь хагалжээ. Иргэд бас гудамжинд унадаг дугуй бөөгнүүлэн шатааж, уур бухимдлаа илэрхийлсэн юм. Мөргөлдөөний үеэр цагдаагийн таван офицер бэртэж, нэг нь эмнэлэгт хүргэгдсэн тухай албаны эх сурвалж мэдээлсэн байна.

Маргааш нь Роттердам хотод болсон мөргөлдөөний үеэр нөхцөл байдал хяналтаас гарах аюултай болсон тул цагдаа нар анхааруулах гал нээжээ. Энэ үеэр гурван жагсагч сумны шарх авч, эмнэлэгт хүргэгдсэн байна. Коронавирусийн халдвар эрс нэмэгдэж буйтай холбоотойгоор Нидерландын засгийн газар гурван долоо хоногийн хөл хорио зарласан юм.

Ням гарагт Бельгийн нийслэл Брюссельд мөн хорио цээрийн дэглэмийг эсэргүүцсэн жагсаалд олон арван мянган иргэн оролцжээ. Бельги улсад халдвар нэмэгдсэн тул олон нийтийн газруудад амны хаалт заавал зүүх, үйлчилгээний газруудад вакцины гэрчилгээтэй нэвтрэх дүрэм үйлчилж эхэлсэн бөгөөд ирэх сарын дунд хүртэл ихэнх иргэд долоо хоногийн дөрвөн өдрийг гэрээсээ ажиллахаар болсон юм.

Австрийн нийслэл Вена хотод өчигдөр хөл хорионы дэглэмийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал өрнөжээ. Тус улсад өнөөдрөөс эхлэн 20 хоногийн хөл хорионы дэглэм хэрэгжиж байгаа. Мөн ирэх оны эхнээс иргэдийг албадан вакцинжуулалтад хамруулахаар болсон юм.

Ижил агуулгатай иргэдийн жагсаал тэмцэл Хорватын нийслэл Загреб, Италийн нийслэл Ром. хотуудад болжээ.

Франц улс өчигдөр Карибын тэнгис дэх газар нутаг болох Гуаделуп аралд үүссэн эмх замбараагүй байдлыг зохицуулахаар цагдаагийн хүчийг эх газраас нэмж илгээсэн байна. Өмнөх орой нь вакцины гэрчилгээгээр үйлчилгээний газруудад нэвтрэх шинэ дүрмийг эсэргүүцсэн иргэдийн тэмцэл сүүлдээ хүчирхийлэл болж, дэлгүүр, худалдааны төвүүдийг тонон дээрэмдэх, галдан шатаах явдал гарсан юм.

Жагсагчдын зарим нь цагдаа нарын эсрэг галт зэвсэг ашигласан тул эмх замбараагүй байдал үүсгэгчдийн эсрэг хатуу арга хэмжээ авахаа Францын дотоод хэргийн сайд Жералд Дарманин мэдэгджээ.

Европ тивд коронавирусийн халдвар эрчимтэй нэмэгдсэнд санаа зовж буйгаа Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага өнгөрсөн долоо хоногт илэрхийлж байв. Хэрвээ үр дүнтэй хариу арга хэмжээ авахгүй бол ирэх хавар гэхэд хагас сая хүн нэмж Covid-19 өвчний улмаас амиа алдах төлөвтэй байгааг тус байгууллагын Европ тивийг хариуцсан захирал Ханс Клюге анхааруулсан байна.

 

Эх сурвалж: BBC

 

Зураг
17 | 18 | 20 цаг