Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын Математикийн Олимпиадын Хорооны ерөнхийлөгчөөр Монполимет Группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан ажиллахаар боллоо

ikon.mn
2021 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Өнгөрөгч долоо хоногт Монголын математикийн олимпиадын хорооны Удирдах зөвлөл хуралдаж Хорооны ерөнхийлөгчөөр Монполимет Группийн ТУЗ-ийн дарга Нармандахын Мөнхнасанг сонгон ажиллуулахаар болоод байна.

Тэрбээр математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр дунд сургуулиас сурагч солилцоогоор АНУ-руу шилжин суралцаж, Калифорниа мужийн Сан Францискогийн Их Сургуулийг Эдийн засагч мэргэжлээр бакалавр зэрэгтэй, Вашингтон мужийн Жорж Вашингтоны Их Сургуулийг Санхүүгийн инженер магистрийн зэрэгтэй, Cum Laude цолтой тус тус төгсжээ. Дэлхийн банканд эдийн засагч, Монгол Улс дахь Дэлхийн банкны салбарт АНУ-аас томилогдон ажиллаж байжээ.

 

Монголын математикийн олимпиадын хороо 2018 онд шинэчлэгдсэн зохион байгуулалтад орсноос хойш Монголоос олон улсын олимпиадад оролцогчдын ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр идэвх санаачилга гарган ажилласан ба 2021 оны Олон Улсын 62 дугаар Математикийн Олимпиадад Монгол Улсыг төлөөлөн оролцсон багийнхан маань өндөр амжилт гарган 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж, багаараа дэлхийд 11-р байранд орсон түүхэн амжилт гаргаад байгаа билээ.

Тус хорооны мэргэжлийн болоод удирдах зөвлөлийн гишүүд нь зөвхөн олимпиадад оролцогчдыг бэлтгэхээс гадна Монгол хүүхдүүдэд математикийн шинжлэх ухааныг сурталчлах, олон түмэнд түгээн дэлгэрүүлэх үйлсэд сайн дураараа хүчин зүтгэж байгаа билээ.

2018-2021 оныг хүртэл ерөнхийлөгчөөр ажилласан Ч.Анар нь хорооны дэд ерөнхийлөгч агсан хатагтай Жанчивын Оюунгэрэл, дэд ерөнхийлөгч Дашцэрэнгийн Энхтүвшин нарын хамтаар хорооны үйл ажиллагааг жигдрүүлж, тасралтгүй ажиллах боломжийг бүрдүүлж чадсан ба 2027 оны ОУ-ын олимпиадыг Монгол улсад зохион байгуулах талаар олон улсын математикийн хороонд хүсэлт гаргасан байгаа бөгөөд ОУ-ын олимпиадыг хийхэд шаардагдах хөрөнгө, хандив босгох ажлыг эхлүүлсэн юм. Хорооны ерөнхийлөгч асан Ч.Анар цаашид ч хорооныхоо дэд ерөнхийлөгчөөр ажиллах бөгөөд эхэлсэн ажлаа амжилттай дуусгахын төлөө хичээн ажиллахаа мэдэгдлээ.

 

Мөн Монголын Математикийн Олимпиадын Хороонд дахин нэг дэд ерөнхийлөгч нэмэгдэж байгаа нь Космо Группийн ерөнхийлөгч ноён Бэх-Очирын Батбаасан юм. Б.Батбаасан нь олимпиадад оролцогчдыг үргэлж дэмжиж ирсэн бөгөөд энэ удаад хороондоо албан ёсоор нэгдэж дэд ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг хийхээр болоод байна.

Монголын Математикийн Олимпиадын Хороонд нэр нь дурдагддаггүй ч сайн дураараа ажил хийж байгаа олон залуус байдаг бөгөөд хорооны удирдах зөвлөлийн зүгээс тэдэнд үргэлж талархаж явдгаа энэ ташрамд илэрхийлмээр байна.

Мөн хорооны дэд ерөнхийлөгч агсан, хорооны гишүүд ажилчдын хүндэт эрхэм хатагтай Ж.Оюунгэрэлийн гэгээн дурсгалыг хүндэтгэн мэхийж, хорооны төлөө хийж эхлүүлсэн ажлыг амжилттай үргэлжлүүлэн авч явахаа бид бүхэн амлаж байна.

Математикийн шинжлэх ухаан дэлгэрэх болтугай.

 

Эх сурвалж: ММОХ ТББ

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.