Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

"БНХАУ-д үйлдвэрлэсэн PCR аппаратыг ойрын хугацаанд Гашуунсухайт боомтод тавьж, ажиллуулна"

Ө.Цэлмэг, IKON.MN
2021 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сангийн сайд Б.Жавхлан өнөөдрийн хэвлэлийн хурлын дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

- Эрээнд байгаа ачаа, барааг хилийн 0 цэгээс  татах нь түр горим уу?

- Жолооч нарыг уулзуулахгүйгээр хилийн "0" цэг дээрээс бараа, материалыг Эрээнээс татаж авах шинэ горимд шилжихээр шийдвэрлэсэн. Гэхдээ хоёр улсын талаас нэгдсэн ойлголтод хүрсэн нь аль ч талд COVID-19-ийн нөхцөл өөрчлөгдсөн энэ горимоор явна. Ямар ч шинэ нөхцөл байдал үүссэн энэ үйл ажиллагааг зогсоохгүй гэсэн нэгдмэл ойлголтод хүрсэн гэсэн үг.

Энэ горимоор бүх төрлийн бараа бүтээгдэхүүн орж ирнэ. Бид ингэж л шийдэхгүй бол маш их хугацаа алдана. Өөр байдал эсвэл коронавирусийн нөхцөл байдал хэвийн болтол хүлээвэл 4-5 сар болно гэж урд хөрш анхааруулж байгаа. Тиймээс бид нөхцөл байдалтай уялдаж ажиллаж ёстой.

Энэ бол ганц Замын-Үүдийн асуудал биш бөгөөд гурван сая иргэний хэрэглээ болон инфляц, үнийн хөөрөгдлийн асуудал. Тиймээс үүнийг шийдвэрлэхэд нэг өдөр, нэг цаг ч гэсэн чухал учраас ямар нэг байдлаар хөдөлгөөд, хилээ нээх нь маш чухал байгаа юм.

Ингэхдээ хилийн 0 цэг дээрээс өдөрт 50 чингэлэг бараа, материал татан авахаар болсон. Явц дундаа цаашид нэмэгдүүлэх боломжуудыг судалж, боломж гарвал нэмээд явна. Өдөрт 50 чингэлэг гэдэг нь хэвийн байдалтай харьцуулахад бага тоо ч бараа материалаа татан авах ажлыг эхлүүлэх нь л чухал.

Түүнээс гадна, энэ асуудлын улмаас хилийн тээвэр хийхээр тэнд очсон эсвэл тэнд ажиллаж, амьдарч байгаа 5,000 орчим жолоочийн эдийн засгийн аюулгүй байдлын асуудал хөндөгдөж байгаа. Тиймээс дээрх ажилд аль болох тээвэрчдийг хамруулах тал дээр орон нутагт ажиллаж буй боомтын захиргаанд чиглэл өгсөн.

Тухайлбал, тэнд хэдэн зуун тээврийн хэрэгсэл байгаагаас 400-500 орчим нь ч чингэлэг тээвэр хийх боломжтой тавцант тээврийн хэрэгсэл байна. Тэгэхээр одоо тавцант биш тээврийн хэрэгслүүдийг яаж тавцант болгож, илүү их шаардлага хангахуйц тээврийн хэрэгсэл болгон өөрчлөх вэ зэрэг боломж гарцууд бий.

Дээрээс нь Эрээнээс ачаа, бараа ороод ирэхээр нутгийн гүн рүү буюу Улаанбаатар руу тээвэрлэх дотоодын тээвэр давхар нээгдэнэ гэсэн үг. Тиймээс тэнд ч тээвэрчид ажиллах боломжтой болно. Хил хаалттай байгаа тохиолдолд бүх зүйл зогсох аюултай.

- Ачаа тээврийн жолооч нарын шинжилгээ манай талд сөрөг, нөгөө талд эерэг гардаг асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

- Энэ асуудалд наанатай, цаанатай хандах хэрэгтэй. Тэнд эерэг, наана сөрөг гарч байгаа асуудлыг 100 хувь механикаар ойлгож болохгүй.

Тестийг сөрөг гаргадаг арга техникүүд ч байдаг юм шиг байна лээ. Тэгж гарсан тохиолдолд тэнд лабораторид ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд руу дайрч давшлах, тэднийг доромжлох, ажлын байрыг нь ажиллах нөхцөлөөр хангахгүй, саатуулсан явдал гарсан.

Тээвэрчид маань гаргасан заавар зөвлөмжийг сайтар анхаарах шаардлагатай.

Энэ асуудлыг шийдвэрлэхээр бид Ганцмод боомт дээр байгаа БНХАУ-д үйлдвэрлэсэн, стандарт бүхий PCR аппаратыг Гашуунсухайтад тавьж, ажиллуулах арга хэмжээ авч байгаа. Энэ нь ойрын хугацаанд шийдэгдэнэ. Тиймээс дахиж ийм асуудал байхгүй болох байх гэж бодож байна.

2021 оны аравдугаар сард Шадар сайд болон Сангийн сайдын хамтарсан тушаал, батлагдсан журам нэлээд асуудлыг зохицуулсан. Өмнөхөөс бодвол тээвэрчдээс ирэх санал гомдол багассан байна.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/619490919368095
Зураг
16 | 4 | 2 цаг