Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Баярдаваа: Инфляц эргэн зорилтот түвшинд тогтворжих хүлээлт хэвээр байгаа

ikon.mn
2021 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Мягмар гарагт /2021.11.16/ болсон УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар  “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр инфляцын талаар Байнгын хорооны гишүүдийн асуусан асуултад Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа хариулсныг хүргэж байна.

Б.Баярдаваа: “Цар тахлын дараах нөхцөл байдал дэлхий нийтэд төвөгтэй байна. Нийлүүлэлтийн гинжин хэлхээ доголдсон нь инфляцыг хөөрөгдөж байгаа. Дэлхийн санхүүгийн зах зээлийг тодорхойлж буй Холбооны нөөцийн банк /АНУ-ын төв банк/ бодлогын ямар хариу үйлдэл үзүүлэх вэ гэдгээ олон нийтэд маш тодорхой хэлж байгаа. Инфляцын хөөрөгдлийг хатуу бодлогоор сааруулахгүйгээр аль болох удаан хугацаанд тэсвэрлэнэ гэдгээ хэлж байна. Энэ нь эдийн засгийн сэргэлтийг хойш нь татахгүй байх арга хэмжээнүүд юм.

Мөнгөний бодлогыг их хатууруулаад нийлүүлэлтийн доголдол арилахгүй учраас зөв зохистой хэмжээгээр нь бодлогын тохируулга хийнэ гэсэн үг. Монголбанк ч ийм байр суурьтай байгаа. Богино хугацаанд инфляц нийлүүлэлтийн шалтгаантайгаар зорилтоос давах эрсдэл харагдаж байгаа ч 2022 оны сүүлээс инфляц эргэн зорилтот түвшинд тогтворжих хүлээлттэй байна. Бүр цаашиллаа гэхэд 2023 оны эхэн рүү эргэн тогтворжино. Тэгэхээр энэ нөхцөл байдалтай уялдуулж ирэх жилд эдийн засгийн сэргэлтийг дэмжихийн тулд зээлийн өсөлтийг 15-20 хувийн интервал дотор тэтгэнэ. Үүнийг дэмжих хэмжээний бодлогын хүүг өнөөдрийн байгаа түвшинд аль болох удаан хадгалахыг зорино” гэсэн хариулт өгөв.