Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

"ТӨҮГ-ууд, НДС-тай холбоотой төлбөрүүдийг барагдуулах үүрэг өгсөн. Би хэлсэндээ байна. Яагаад гэвэл би Сумъяабазар"

Б.Жаргалмаа, IKON.MN
2021 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Үндэсний хөрөнгө оруулалтын банк "Эрдэнэт үйлдвэр", "Эрдэнэс тавантолгой" болон Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөнүүдийг сүүлийн гурван жилд төлж чадахгүй байгаа талаар Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар мэдээлж байв

Энэ талаар Үндэсний хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ийн дарга асан, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэрээ сэтгүүлчдийн асуултад байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "2021 оны долдугаар сараас хойш зохион байгуулалттай дайралтууд эхэлсэн. Одоо бүр цадигаа алдаж байна. Ямар ч улс төрийн дайралтыг тэвчинэ. Илүү дутуу зүйл ярих нь хувь хүн талаасаа ч, хотын дарга талаасаа ч зохимжтой биш.

Би та бүхний адил санаа зовж байгаа. Ялангуяа, КОВИД-19 гараад эдийн засаг амаргүй байсан үед зээл гаргасан ААН-үүдийн байдал хүнд байгаа. 

Хөрөнгө оруулалтын банкны удирдлагуудад давхар шаардлага хүргүүлж байгаа. 

Бизнесийн байгууллага төрийн байгууллагатай гэрээ, эрх зүйн хүрээнд эх үүсвэрийг харилцах болон хугацаатай хадгаламж хэлбэрээр татдаг. Тиймээс эргэн төлөгдөх нөхцөлөө графикт шилжүүлсэн бол анхаараад, богино хугацаанд зохицуулах ёстой гэдэг саналыг хүргүүлсэн, хэлсэн. 

Бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа, хамгийн эмзэг банкны салбарын хувьд удсан эх үүсвэрийн талаар банкны удирдлагын менежментийн баг олон нийтэд мэдээллээ хүргэх ёстой. 

Улс төрийн хонжоо хайсан, хэт харлуулах дайралтууд хийж байгаад хотын дарга, Нийслэлийн МАН-ын хорооны даргын хувьд харамсаж байгаа. 

Янз бүрийн цохилт дайралтыг би давна. Өшөө ч дайрах байх. Би хэзээ ч мохохгүй. Би хэлсэндээ хүрнэ. Яагаад гэвэл би Сумъяабазар. Би хэлсэндээ байж, ТӨҮГ-ууд, НДС-тай холбоотой асуудлуудын төлбөрийг богино хугацаанд барагдуул гэдэг үүрэг даалгаврыг өгсөн байгаа. Би 2013 онд Хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ийн даргын ажлаа өгсөн. Тиймээс ажиллаж байгаа хүмүүсийг илүү хөгжиж, үйл ажиллагаагаа сайжруул гэж байгаа. Та бүхний адил би санаа зовж байна. Сүүлд авсан мэдээллээр ондоо багтаад төлж барагдуулна гэсэн.

Би нэр төр эрхэм гэж ойлгодог. Би бол Сумъяабазар. Тийм учраас би хэлсэндээ байж чадна" гэлээ.