Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

Стив Жобс, Стив Возняк нарын гараараа бүтээсэн Apple-ийн анхны компьютер $400,000-ын үнэ хүрлээ

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Apple-ийн үүсгэн байгуулагч Стив Жобс, Стив Возняк нарын 45 жилийн өмнө гараараа бүтээж байсан компьютер өчигдөр АНУ-д болсон дуудлага худалдаагаар $400,000-ын үнэ хүрсэн байна.

Apple-1 нэртэй уг компьютер нь өнөөдрийн хүчирхэг MacBook, iMac компьютеруудын “өвөг дээдэс” юм. Тухайн үед Жобс, Возняк нар ердөө 200 ширхэг Apple-1 компьютер бүтээж байжээ.

 

Өчигдөр зарагдсан компьютерын эх биеийг Хавайн арлаас гаралтай модоор хайрцагласан нь онцгой болгож байгаа юм.

Жобс, Возняк нар тэр үед Apple-1-ийг эд ангиар нь салангид зардаг байжээ. Нэгэн компьютерын дэлгүүр 50 орчмыг захиалж аваад угсрахдаа хайрцгийг нь ийм модоор хийсэн юм байна.

Өчигдөр зарагдсан Apple-1 тэдгээрийн нэг байжээ. Бараг хагас саяын үнэ хүрсэн Apple-1 компьютерыг ердөө хоёрхон хүн хэрэглэж байсныг дуудлага худалдааг зохион байгуулагчид мэдээлсэн байна.

Калифорнийн Ранчо Кукамонга дахь Чаффи Коллежийн электроникийн багш анх худалдаж авсан эзэн нь байжээ. Тэрбээр үүнийгээ 1977 онд нэг оюутандаа $650-аар зарсан юм байна.

Ийнхүү хоёр дахь эзэн нь 44 жилийн өмнө $650-аар авсан компьютерээ өнөөдөр $400,000-аар заржээ.

2014 онд хэвийн ажилладаг Apple-1 компьютер дуудлага худалдаагаар $900,000-ын үнэ хүрсэн түүхтэй.

 

Эх сурвалж: AFP