Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

Rolls-Royce компани мини цөмийн цахилгаан станц бүтээх төсөлдөө Их Британийн засгийн газраас санхүүжилт авлаа

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Тансаг ангиллын автомашин үйлдвэрлэгч Rolls-Royce компани бага оврын, угсардаг цөмийн реактор SMR (Small Modular Reactor) бүтээх төсөл хэрэгжүүлж байгаа.

Уг төсөл нь цөмийн хөдөлгүүрт шумбагч хөлөг онгоцны технологи дээр суурилсан юм.

Төсөлд саяхан Rolls Royce Group, BNF Resources, Exelon Generation хувийн компаниудын консорциум 195 сая паундын хөрөнгө оруулсан бол өчигдөр Их Британийн засгийн газар 210 сая паундын хөрөнгө оруулахаар болжээ.

Уг мэдээлэл тарсны дараа Rolls-Royce компанийн хувьцаа 4.2 хувиар өссөн байна. Одоогоор Их Британийн нийт эрчим хүчний 16 хувийг цөмийн цахилгаан станцууд нийлүүлдэг.

Rolls Royce компанийн шинэ бизнес 2050 он хүртэл 40,000 шинэ ажлын байр бий болгох ажээ.

Шинэ SMR нь уламжлалт цөмийн станцуудаас овор хэмжээ бага. Үйлдвэрлэсэн хэсгүүдийг байршилд нь тээвэрлэн хүргэж богино хугацаанд угсрах боломжтой.

Нэг SMR хоёр хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээтэй бөгөөд 470MW эрчим хүч үйлдвэрлэх багтаамжтай. Энэ нь хуурай газарт босгосон 150 гаруй салхин сэнсний үйлдвэрлэх эрчим хүч юм. Өөрөөр хэлбэл нэг SMR нь ойролцоогоор нэг сая орчим айл өрхийн хэрэглээг хангах чадалтай ажээ.

Rolls Royce компанийн гүйцэтгэх захирал Уоррен Ист энэхүү SMR технологийг дэлхийн дулаарлын эсрэг “цэвэр эрчим хүчний шийдэл” гэж тодорхойлсон байна.

“Энэ бол Их Британийн хувьд цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлээ үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж, эрчим хүчний бие даасан байдлаа хангах томоохон боломж юм” гэж Их Британийн Бизнес, Эрчим хүчний сайд Кваси Квартен хэлжээ.

SMR-ийн нэг бүрийн өртөг 2 тэрбум паунд ($2.7 тэрбум) болох төлөвтэй байгаа гэнэ. Хэрвээ засгийн газар нь зөвшөөрөл өгвөл Британи даяар 16 SMR байгуулахаар төлөвлөжээ.

 

Эх сурвалж: BBC