Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Энх-Амгалан: Гүтгэлэг, доромжлолтой холбоотой хатуухан заалт Эрүүгийн хуульд оруулах саналтай байна

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 11 сарын 9
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Сургууль, курсууд өрхийн орлогын хэмжээ хэд вэ, хаана ажилладаг, амьдардаг, ямар эд хөрөнгөтэй вэ гэхчлэн судалгаа авдаг. Гэтэл дараа нь ямар нэг тоос сорогчийн компаниас яриад энийг авах уу гээд эхэлдэг. Хаанаас утасны дугаар авсан нь тодорхойгүй. Ийм нөхцөлд мэдээллийн аюулгүй байдлыг яаж хамгаалах юм бэ. Хүссэн багш нь анкет бөглүүлээд хувийн мэдээлэл аваад байж болох юм уу.

Мөн гүтгэлэг, доромжлолтой холбоотой хатуухан заалт Эрүүгийн хуульд оруулах саналтай байна. Хүнийг гүтгээд, доромжилсон тохиолдолд тэр нь хэзээ ч засагддаггүй. Фэйсбүүк дэх нэр, нүүрээ нуусан хуурамч хаягийг хааж чадахгүй шүү дээ.  

УИХ-ын гишүүн Н.Учрал: Өмнөх Хувь хүний нууцын тухай хуулиар иргэн өөрөө л хувийн мэдээллээ хамгаалдаг байсан. Харин энэ хуулиар мэдээллийг цуглуулж, боловсруулж байгаа тал буюу мэдээлэл хариуцагч тухайн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүргийг хүлээж байгаа.

И Монголиа систем дээр тулгуурлаад төр иргэдийнхээ мэдээллийг цуглуулж байгаа бол үүрэг хүлээх ёстой. Гэтэл ямар чиглэлээр таны иргэний үнэмлэхийг ашигласан бэ гэдгийг бид мэдэж чадахгүй байна. Жишээ нь, газрын гэрчилгээ, жолооны үнэмлэх авахад иргэний үнэмлэх шаардлагатай бол иргэнээс заавал зөвшөөрөл авах хэрэгтэй.

Хуулийн төсөлд мэдээллийн эзэнд мэдээлэл очих буюу notification явуулна гээд байгаа нь энэ хуулийн гол амин сүнс юм. Өөрөөр хэлбэл, мэдээллийн эзэнд мэдээлэл очсоноор миний мэдээллийг төр ийм хэлбэрээр ашиглаж байгаа юм байна гэж мэддэг болох нь.

Ер нь төрд байгаа иргэдийн мэдээллийг хувийн байгууллага ашиглах эрсдэл бий. Жишээ нь, гааль, татварын байгууллага хүний амжьргааны түвшинг тодорхойлж байгаа. Мөн хөнгөлөлттэй эмийн тарифаар эм авахад энэ дүүрэг, хороонд тийм төрлийн өвчлөл их байна гэдэг мэдээллийг хувийн эм ханган нийлүүлэх байгууллагад өгснөөр тухайн төрлийн эмийг түлхүү оруулж ирж, бизнес хийх тохиолдолд гарч байгаа. Энэ асуудалд хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй байсан асуудлыг хуулиар зохицуулна.

Хуулийг төслийг дагалдуулж эрүү, зөрчлийн хариуцлагыг нэмэгдүүлэх заалт оруулж ирээгүй.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж: Багш нар хүүхдэд хичээл заах ёстой байтал өрхийн орлого, эцэг эхийн ажлыг нь асуудаг. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль нь энэ асуудлыг зохицуулах юм.

Эмнэлэг, сургууль хүний хувийн мэдээллийг нэхдэг тохиолдол манайд байна. Эдгээр асуудлыг Нийтийн болон Хувь хүний мэдээллийг тухай хуулиар зохицуулна.