Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Занданшатар: Койн гаргахыг хязгаарламаар байна vs. Н.Учрал: Хэрэв шууд хаавал жинхэнэ дампуурал руу очно

А.Ням-Өлзий, iKon.mn
2021 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын чуулганы өнгөрөгч Пүрэв гарагийн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийн хэлэлцэв. Энэ үеэр койны талаар гишүүд байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: Койны асуудалд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо бид хариуцлага хүлээхгүй гэж хэлэх хангалтгүй байна.

Койны асуудал хэрээс хэтэрч байгааг олон хүн хэлж байна. Иргэд цалингаа урьдчилж аваад койн худалдаж авч, бараа материалын мөнгөө койн болгож бөөнөөрөө хоосрох аюул ойрхон байна.

Тиймээс УИХ-аар мөнгөний бодлого хэлэлцэж байгаа үед энэ асуудлыг анхааралдаа авахгүй бол болохгүй.

Виртуал хөрөнгийн хууль батлагдан гарах хүртэл шинэ койн гаргахыг хязгаарламаар байна. Одоо гарчихсан байгаа койн, биржийн соён гэгээрүүлэх, удирдах ажилд илүү анхаараад шинээр гарахыг хязгаарлахгүй бол хэт хавтгайрч байна. Нэг их наяд орчмын гүйлгээ хийгдсэн гэж ярьж байна. Сүүлд нь эрсдэлээ хянан зохицуулаагүй гэж хэлэгдэнэ шүү.

УИХ-ын гишүүн Н.Учрал: Аливаа зүйлийг огт үгүйсгэж болохгүй. Ялангуяа технологид суурилсан санхүүгийн шинэ механизм орж ирж байна. Тэгэхэд бид технологитой холбоотой асуудалд дутуугийн комплексоор хандаж болохгүй.

Койныг 700-800 мянган хүн авсан байна. Хэрэв шууд хаавал жинхэнэ дампуурал руу очно шүү.

Койн бол эрсдэлтэй. Иргэн өөрөө шийдээд орж байгаа учраас төр хариуцлага хүлээхгүй. Гэхдээ арилжаа хийгээд байгаа биржүүдэд шалгуур тавихгүй бол хүний мөнгийг арилжаалаад байна. Тэр нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхэд зарцуулагдах вий. Бирж хариуцлага хүлээх ёстой гэдгийг ФАТФ зөвлөж байгаа.

Тэгэхээр бид шууд хорих биш зохицуулах ёстой. Хэрэв шууд хоривол 700 мянган хүний эрх ашиг хөндөгдөнө. Мөн цаашид валютын урсгал гадагшаа гарна.