Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

С.Батхуяг: Гашуунсухайт боомтоор бүх төрлийн бараа, материал импортолж болно гэсэн хариулт авсан

Г.Номин, iKon.mn
2021 оны 11 сарын 4
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Эм, эмнэлгийн хэрэгслийн хүрэлцээ, үүсээд байгаа нөхцөл байдал, хүндрэл, шуурхай татан авах асуудлаарх уулзалт Гадаад харилцааны яаманд боллоо. 

Тус уулзалтад ГХЯ, ЭМЯ, ЗТХЯ, БХБЯ, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, УБТЗ болон холбогдох байгууллагуудын төлөөллүүд, Бээжин, Хөх хот, Эрээний консулын газруудаас албаныхан оролцов. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Уулзалтын эхэнд БНХАУ-ын Эрээн хотод суугаа консул Т.Мөнхгэрэл нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв. Тэрбээр "Эрээн хотод хөл хорионы дэглэм үйлчилсэн хэвээр байна. Тэг зогсолт хийж, ААН-үүд ажиллахгүй байгаа учраас холбогдох хүмүүстэй утсаар ярилцаж байгаа. 

Нэгэнт Эрээнд ороод ирсэн ачааг буцаагаад гаргах боломжгүй. Тиймээс бид төмөр замаар ачуулах боломжийг эрэлхийлж байна. 24 ААН-ээс Эрээнд гацсан эм, эмнэлгийн хэрэгслийн жагсаалт бидэнд ирсэн. Тодруулбал, 19 чингэлэг, дөрвөн машин болон задгай хайрцагтай ачаанууд байна. 

Энд нэгэнт ирчихсэн ачааг буцааж гаргаад Ханги эсвэл Гашуунсухайтаар явуулах боломжгүй. Тиймээс төмөр замд ачуулах асуудлыг айлын талтай ярина. Өнөө өглөө БНХАУ-ын талтай холбогдоход "Одоохондоо гарц гаргалгаа харахгүй байна. Аль болох шуурхай ярилцаж шийднэ" гэсэн хариулт өглөө. 

Авто замаар гарах гэж байсан зарим чингэлэгтэй ачааг төмөр замаар гаргах зарчмын тохироонд хүрээд байгаа. Ачаа бараа лацтай агуулахад хадгалагдаагүй байгаа бол төмөр замаар ачуулах боломж бий. 

Манай ААН-ийн ачаа бараа Эрээнд ирсэн бол хүлээж авсан буюу эндээс илгээх компани нь тухайн барааг галт тэрэгний өртөөнд хүргэж өгөх боломжтой юу гэдгийг лавлаад бидэнд мэдэгдэх хэрэгтэй байна. Тэг зогсолт хийсэн байгаа энэ үед зайлшгүй шаардлагатай тохиолдолд иргэд, ААН-үүд Эрээн хотынхоо шуурхай штабаас зөвшөөрөл авч, хөдөлгөөнд оролцож байгаа. Агуулахаа лацдуулаагүй, хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл авсан, галт тэрэг захиалах боломжтой ААН-үүдтэй хамтарч ажилладаг бол бидэнд мэдэгдэнэ үү" хэмээн хэллээ. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Энэ үеэр Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Эрээн дэх консулд хандан эм, эмнэлгийн хэрэгслийн татан авалтыг нэмэгдүүлэх тал дээр дэмжлэг үзүүлэх, мөн ААН-үүдэд зориулсан гарын авлагыг ойрын хугацаанд гаргахыг үүрэг болгов. 

Үргэлжлүүлэн Эрээнд түгжигдээгүй өөр газраас авах ачаа, барааг Гашуунсухайт, Ханги боомтоор татан авах боломжийн талаар Хөх хотод суугаа ерөнхий консул С.Батхуяг мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Өнөө өглөө Гашуунсухайт боомтын захиргаатай холбогдсон. Өдөртөө 8-10 импортын машин Монгол Улсаас орж ирээд ачаа ачаад гардаг юм байна. Ингэхдээ бүх төрлийн бараа материал гаргаж болно гэсэн хариултыг авсан. 

Ханги-Мандал боомтын хувьд халдвар хамгааллын дэглэм нэлээд хатуу байгаа. Долдугаар сараас хойш нүүрсний экспортын машинууд буцахдаа барилгын материал ачиж байсныг түр зогсоогоод байна. Энэ нь ачаа бараа ачих үед халдвар хамгааллын дэглэм алдагдах эрсдэлээс сэргийлсэн үйлдэл бөгөөд ирэх долоо хоногоос халдвар хамгааллын дэглэмээ сайжруулаад импортын ачаа ачих нөхцөл бүрдүүлнэ гэсэн хүлээлттэй байгаа. 

Өчигдөр Засгийн газраас гаргасан шийдвэртэй холбоотойгоор БНХАУ-ын талаас шийдвэр гаргаагүй байгааг бидэнд хэлсэн. Өнөөдөр хоёр улсын ГЕГ-ууд хоорондын хуралтай. Энэ хурлын үеэр асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна. 

Хөх хотоос 140 км-т Улаанцавын Жининь гэдэг өртөө хот бий. Тус хотод Европ-Хятадын хурдан галт тэрэгний ложистик төв байдаг бөгөөд энэ төвөөс Монгол Улс руу ачаа барааг галт тэргээр явуулах ажлыг эхлүүлээд 14 хонож байна. Тухайлбал, утаагүй түлшний барьцалдуулагч, барилгын материал, тоног төхөөрөмжийг ачуулсан. Тус өртөөний зүгээс бүх төрлийн ачааг ачуулах боломжтой гэдгээ бидэнд мэдэгдээд байгаа. 

Манай консул Б.Гантулга 100 8748180935 гэсэн дугаартай байгаа. Та бүхэн холбогдоод энэ өртөөнөөс ачаа ачуулах бол туслалцаа дэмжлэг авч болно. Өнөөдөр Тавантолгой түлш компаниас таван вагон шуудай мөн өөр нэг ААН-ээс малын тэжээл ачуулахаар галт тэрэг захиалсан. Бид Хөх хотын төмөр замд нот бичиг өгөөд галт тэрэг захиалж өгөх боломжтой" хэмээн хэллээ. 

Цар тахлын хүндрэлтэй энэ цаг үед консулын газрууд ААН-үүдийнхээ төлөөлөгчийн газрын үүргийг гүйцэтгэн ажиллах шаардлага тулгарч байгааг Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин хэлж байв. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал "Тяньжин боомтод бөөгнөрөөд байгаа 4,800 орчим чингэлгүүдийг арваннэгдүгээр сарын 30-н гэхэд хөдөлгөсөн байх шийдвэр гарсан. Арваннэгдүгээр сарын 1-нд Тяньжинаас гурван галт тэргээр 176 чингэлэг ачигдсан байна. Өчигдрийн мэдээ хараахан ирээгүй бөгөөд өдөр бүр гурван галт тэргээр чингэлэг зөөж эхэлсэн" гэдгийг хэллээ. 

БНХАУ-д өдөрт дунджаар коронавируст халдварын 60-70 тохиолдол бүртгэгдэж байгаа бөгөөд 2022 оны өвлийн олимпын бэлтгэл ажлыг хангах хүрээнд халдвар хамгааллын дэглэмийг нэлээд чанд сахиулж байгааг Элчин сайд нэмж хэлэв.