Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

Нефтийн үнийн өсөлт олон улсад шатахууны үнэ өсөх гол шалтгаан болж байна

ikon.mn
2021 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: Reuters

Ковид 19-ийн нөлөөгөөр 2020 онд дэлхийн улс орнуудад хөл хорионы дэглэм чангарч,  шатахууны эрэлт огцом буурч, нефтийн үнэ баррель нь $23 доллар хүрээд байв. Харин энэ онд эдийн засгууд нээгдсэнээр агаар, усан зам болон газрын тээвэр эрчимжсэн нь газрын тосны үнийг хурдтай өсгөх нэг гол шалтгаан болжээ. Тухайлбал, брент маркийн газрын тосны үнэ 2021 он гарснаас хойш 60 гаруй хувиар өсөж баррель нь $85 доллар давсан байна. Энэ нь сүүлийн 3 жилийн хамгийн өндөр үзүүлэлт юм.

 

Графикийн тайлбар: Брент маркын газрын тосны үнэ 2020-2021 оны X сар /баррель, $/

Ройтерс агентлагийн мэдээлснээр дэлхийн эдийн засаг сэргэхтэй зэрэгцэн эрэлт огцом өсөж газрын тосны үнэ ийнхүү нэмэгдсэнээр олон улсад эцсийн хэрэглэгчид очих шатахууны үнийг нэмэгдүүлж байна. 

Тухайлбал Их Британид 9-р сард шатахууны дундаж үнэ 1.41 фунт стерлингтэй тэнцэж байсан нь 2012 оны оргил үетэй ойролцоо өндөр түвшинд хүрсэн үзүүлэлт болжээ. Энэ нь хэрэглэгчид 60 литрийн түлшний саваа дүүргэхэд өнгөрсөн онд төлж байснаасаа 15 фунт стерлинг илүү төлбөр төлөх хэрэгтэй болсон гэсэн үг юм.

Түүхий газрын тосны хэрэглээгээр гуравдугаарт эрэмбэлэгддэг Энэтхэгт шатахууны үнэ литр нь $1.43 хүрсэн байна. Мөн Францад дизель түлшний үнэ $1.80 хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлтүүд болсныг тус улс засгийн газар мэдээллээ. Азийн улс орнуудад Японд шатахууны жижиглэнгийн үнэ өнгөрсөн 7 хоногт литр нь $1.44 хүрсэн нь сүүлийн 7 жилийн дээд түвшин болжээ. Он гарснаас хойш тус улсад шатахууны үнэ 20 гаруй хувиар өсөөд байгаа аж. Түүнчлэн, Хятадад дизель түлшний жижиглэнгийн борлуулалтад зарим хязгаарыг тогтоогоод байна.

Шатахууны үнэ олон улсад ийнхүү өсөөд байгаа нь тээврийн үнээр дамжиж хэрэглэгчдэд хүрч буй эцсийн бүтээгдэхүүний үнэ өсөж, инфляцыг өдөөх гол шалтгаануудын нэг болсныг шинжээчид онцолжээ.