Монгол Улсын анхны хосолсон блокчэйний үйлчилгээ үзүүлэгч COREX ХХК, Мэдээллийн технологийн салбартаа тэргүүлэгч “АНД ГЛОБАЛ” Группийн харьяа DENODE дижитал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч ANDEX компаниуд блокчэйн технологи дээр хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд талууд Дэлхийн тархмал санхүү (decentralized finance), бизнесийн шинэ интеграцид нэгдэж, олон улсын стандарт, жишигт нийцсэн үндэсний хэмжээний блочкэйн системийг бий болгоход хамтран ажиллахаар зорьж байна.
Энэхүү зорилгын хүрээнд олон нийтэд блочкэйн технологийн хэрэглээ, түүний ашиг тус, бизнесийн шинэ боломжийг таниулах замаар блокчэйн хамтралыг үүсгэх мөн түүнчлэн инновацын бүтээгдэхүүн, шинэ төсөлд хамтран хөрөнгө оруулалтыг дэмжих зэргээр өндөр түвшинд хамтран ажиллана.
COREX компани нь хувийн болон олон нийтийн хосолсон блокчэйн сүлжээг хөгжүүлж байгаа Монголын анхны үндэсний блокчэйн сүлжээ бөгөөд блокчэйн технологид суурилсан бизнесийн шинэ боломж, инновац бүхий бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох, олон нийтэд энэхүү технологийн боломж, давуу тал, хэрэглээг таниулах үндсэн зорилготой.
COREX экосистемийн бүрдэлд хосолсон блокчэйн сүлжээ бүхий суурь платформ багтах ба Монголын болон Олон улсын төвлөрсөн бус аппликэйшн (dApp) хөгжүүлэгчид, токен гаргагч хэн бүхэнд нээлттэй ашиглах боломжийг олгох юм. Мөн COREX блокчэйн нь Proof of Stake (PoS) концесс алгоритмаар ажиллана. Энэ нь байгаль экологид хамгийн ээлтэй, цахилгаан ашиглалт бага технологи бөгөөд гүйлгээг боловсруулах хурд өндөр зэрэг олон давуу талтай.
ANDEX компани нь дижитал хөрөнгийн хөгжлийн дараагийн үеийн дэд бүтцийг бүрдүүлэхээр “Denode” платформыг хөгжүүлж байгаа бөгөөд дотоодын болон гадаадын компаниудын бизнесийг токенжуулж олон улсад гаргах гарц болж, хэрэглэгч болон түнш байгууллагууддаа бизнесийн шинэ боломжийг технологийн тусламжтайгаар хүртээмжтэй хүргэхээр ажиллаж байна. Тус компани нь Монгол улсын анхдагч Финтек шийдлүүдийг хөгжүүлэгчдийн нэг болох “АНД ГЛОБАЛ”-ын охин компани бөгөөд Монголын биржийн бус зах зээлийн OTC.mn платформыг хөгжүүлсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!