Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

Фэйсбүүк царай таних системийн төслөө зогсоож, цуглуулсан өгөгдлөө устгахаар шийджээ

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн үед улс төр, хууль эрх зүй, зохицуулалтын олон дарамт шахалтад өртөөд байгаа Фэйсбүүк компани өөрийн хөгжүүлж байсан царай таних системийн төслөө дуусгавар болгох шийдвэр гаргажээ.

Үүнтэй хамт өнгөрсөн хугацаанд цуглуулсан нэг тэрбум гаруй хүний царайн өгөгдлийг устгахаар болсон байна.

Хэрвээ энэ системийг нэвтрүүлсэн бол Фэйсбүүк платформд хэн нэгэн бусдын гэрэл зураг, дүрс бичлэгийг нийтэлбэл эзэнд нь автоматаар мэдэгддэг болох байжээ.

Фэйсбүүкийн толгой компани Метагийн хиймэл оюуны технологи хариуцсан дэд ерөнхийлөгч Жером Песенти царай таних системийг нэвтрүүлсний сөрөг болон давуу талуудыг үнэлж үзээд татгалзах шийдвэр гаргасныг тайлбарласан байна.

“Царай таних технологиос болгоомжлох олон шалтгаан нийгэмд байна. Үүнийг хэрхэн хэрэглэх талаар засгийн газрын зохицуулалтын орчин ч тодорхойгүй байна” гэж Песенти хэлжээ.

2020 онд Фэйсбүүк компани хэрэглэгчдийнхээ царайн өгөгдлийг өөрсдийнх нь зөвшөөрөлгүй авч, хадгалсан шалтгаанаар шүүхэд дуудагдаж, $650 саяын торгууль хүлээж байв.

Царай таних технологиос татгалзсан шийдвэр нь зөвхөн Фэйсбүүкийн хэмжээнд биш, нийт Мета группийн компаниудад хамаарахыг Песенти хэлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт Мета нэртэй болсон толгой компанийн харьяанд нийт 2.8 тэрбум хэрэглэгчтэй Facebook, Instagram, WhatsApp платформууд багтдаг.

 

Эх сурвалж: The Guardian