Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

iPhone автын ослыг мэдрээд түргэн тусламж дууддаг болно

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 11 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Ирэх оноос эхлэн iPhone хэрэглэгчид авто замын осолд орвол утас нь 911 дугаарт автоматаар залгадаг болох гэж байгааг The Wall Street Journal өөрийн олж авсан эх сурвалжаас уламжлан мэдээлжээ.

Уг мэдээлэлд өгүүлснээр Apple компани “Crash detection” хэмээх энэ шинэ функцийг iPhone, Apple Watch төхөөрөмжүүддээ нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.

Apple-ийн төхөөрөмжүүдэд байдаг мэдрэгчүүдийг ашиглан гэнэтийн огцом савалт, доргилтыг таних замаар ослыг мэдрэх юм байна.

Хэдэн жилийн өмнө Apple компани “fall detection feature” буюу хүний уналтыг мэдрэх системийг ухаалаг бугуйн цагнууддаа нэвтрүүлж байв. Хэрвээ цагийг зүүсэн хүн газарт унасан шинж илэрвэл бие нь хэвийн эсэхийг асуугаад хариулахгүй бол автоматаар 911 дугаарт залгадаг.

Авто замын ослыг мэдрэх системийг Google компани 2019 онд өөрийн Pixel брэндийн гар утаснуудад нэвтрүүлж байжээ. Apple-ийн App Store дээр бас гуравдагч хөгжүүлэгчдийн ийм төрлийн аппликэйшнүүд олон байдаг. Гэхдээ iPhone-ийг үйлдвэрлэгч компани өөрөө ийм үйлчилгээ нэвтрүүлбэл илүү нарийвчлалтай, найдвартай байх нь тодорхой юм.

 

Эх сурвалж: The Wall Street Journal