Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

"2021 оны 11 дүгээр сарын 1-нээс өмнө Монгол Улсад байгуулагдсан өмчийн бүх хэлбэрийн ААН болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид тооллогод хамрагдана"

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Аж ахуйн нэгж, байгууллагын 2021 оны улсын тооллого улс орон даяар эхэллээ.

Статистикийн тухай хуульд заасны дагуу энэхүү тооллогыг таван жил тутам зохион байгуулдаг.

Иймд тооллогын эдийн засгийн ач холбогдол, хамрах хүрээ, явцын талаар дэлгэрэнгүй мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос өглөө.

Энэ удаагийн тооллогыг нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан цахим хэлбэрээр toollogo.1212.mn цахим хуудсаар зохион байгуулагдах гэж буй онцлогтой. 

  • Тооллогод 2021 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө Монгол Улсын нутаг дэвсгэрт үүсгэн байгуулагдсан өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага мөн хувиараа хөдөлмөр  эрхлэгчид хамрагдана.
  • Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгэлгүй улс төрийн нам, сууц өмчлөгчдийн холбоо, олон улсын байгууллагуудыг хамруулна хэмээн ҮСХ- ноос онцлов. 
 
Гэрэл зургийг MPA.mn

Үндэсний статистикийн хорооны дэд дарга Д.Лхамсүрэн "Энэ удаагийн тооллогыг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдалтай уялдуулан 100% цахим хэлбэрээр зохион байгуулж буй онцлогтой.  

2021 оны гуравдугаар улирлын байдлаар улсын хэмжээнд 215 мянган ААН, байгууллага бүртгэлтэй байгаа ба хувиараа хөдөлмөр эрхлэгч 200 орчим мянган иргэн байна.

Энэ удаагийн тооллогод эдийн засгийн бүх салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг хамруулж, тэдгээрийн нарийвчилсан “Нэгдсэн мэдээллийн сан” бий болгох, улмаар бодлого, төлөвлөлтөд ашиглах боломж бүрдэнэ.

Мөн цахим хэлбэрээр зохион байгуулагдаж буйтай холбоотойгоор төрийн байгууллагын мэдээллийн санг ашиглаж байгаа. Тооллогод хамрагдах ААН байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн өмнө нь төрийн байгууллагад мэдүүлсэн тоон мэдээллийг ҮСХ авч ашиглана гэсэн үг. Харин гарах боломжгүй мэдээллийг маягтын дагуу асуулгаар авах юм. 

Аж ахуйн нэгж байгууллагууд Toollogo.1212.mn веб хуудас руу etax.mta.mn буюу Татварын мэдээллийн сан руу нэвтрэх эрхээрээ нэвтэрч тооллогодоо хамрагдана. Харин хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хувьд, 

  1. Татварын мэдээллийн санд бүртгэлтэй бол нэвтрэх эрхээрээ орно.
  2. Татварын мэдээллийн санд бүртгэлгүй бол E-Mongolia системд бүртгэлтэй эрхээрээ нэвтрэх боломжтой.

Аж ахуйн нэгж байгууллагын 2021 оны улсын тооллого нь ААН-ийн зөвхөн тоог гаргах зүйл бус Монгол Улсын эдийн засгийн цогц судалгаа тул ач холбогдол өгч идэвхтэй хамрагдахыг хүсэж байна" гэв. 

"Энэ удаагийн тооллого нь цаг үеийн хувьд маш их ач холбогдолтой"

 
Гэрэл зургийг MPA.mn

МХАҮТ- ын Ерөнхийлөгч О.Амартүвшин "2022 оноос дэлхий даяар цар тахалтай зэрэгцэн оршиход олон зорилтуудыг дэвшүүлж байна. Энэ удаагийн тооллого нь цаг үеийн хувьд маш их ач холбогдолтой. Бүх ААН-ийн өнөөгийн нөхцөл байдал, хэд нь ажлын байраа хадгалсан, хэд нь үйл ажиллагаагаа зогсоосон, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл юу байгаа зэрэг ерөнхий мэдээллийг ҮСХ цуглуулна. Энэ нь цаашид гарах олон том шийдвэрийн суурь болно. Монгол Улсын бүх аж ахуйн нэгж байгууллагууд цахимаар зохион байгуулагдах тооллогод идэвхтэй оролцоно уу" хэмээв. 

75331212 утсаар тооллоготой холбоотой мэдээлэл авах боломжтой.