Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Баатархүү: УОК-ын зөвшөөрлөөр цагдаагийн албаныхан хээрийн сургуулилалт хийхээр явж буй зураг тул иргэд санаа зовох хэрэггүй

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Фэйсбүүк хуудсаас авав.

"Төв аймгийн Баянчандмань сумын ойролцоо цагдаагийн байгууллага хүчирхийлэлд бэлдэж, цуваа үүсгэн явж байна" гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархсан.

Энэ нь ташаа ойлголт бөгөөд цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн хээрийн сургалтын хэсэгт дадлага хийхээр явж байгаа зураг гэдгийг Цагдаагийн ерөнхий газраас мэдэгдэв.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Цагдаагийн байгууллага бол тасралтгүй бөгөөд шуурхай үйл ажиллагаа явуулах ёстой.

Тиймээс боловсон хүчний нөхөн хангалт өдөр тутамд хийгддэг тул дээр хээрийн сургуулилалтыг зохион байгуулдаг.

Өөрөөр хэлбэл, тухайн зураг дээрх автомашин нь цар тахал дэгдэхээс өмнө улирал, хагас жил тутамд зохион байгуулагддаг байсан ердийн төлөвлөгөөт, хээрийн дадлага, албаны бэлтгэл сургуулилалт юм. Энэ бол ердийн үед ч хийдэг үндсэн ажиллагаа гэдгийг хэлье.

Уг нь энэ сургуулилалтыг өргөн хүрээнд хийдэг байсан ч энэ удаа цар тахлын улмаас бага хүн хүчээр хийж байгаа.

Ер нь цар тахлын улмаас сүүлийн хоёр жил цагдаагийн байгууллагад шинээр орж байгаа алба хаагчдаа цахимаар бэлдсэн. Тэдгээр шинэ алба хаагчдад бид дадлага сургуулилалт хийхээс өөр аргагүй.

Тиймээс Улсын Онцгой комисст мэдэгдэж, зөвшөөрлөө аваад задгай талбайд буюу хээрийн сургуулилалтын хэсэг дээр дадлага хийж буй.

Цагдаагийн албанд элсүүлэх алба хаагчдыг биетээр дадлага сургуулилалт хийлгэх зайлшгүй шаардлагатай. Үүнд иргэд санаа зовох хэрэггүй” гэв.