Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Очиржанцан: Үзэл бодлоо тулгалгүйгээр хүүхэдтэйгээ ярилцаж, хэцүү үеийг даван туулах сэтгэл зүйн дархлаа суулгах хэрэгтэй

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Гэр бүлийнхэнтэйгээ маргалдаад гэрээсээ гарсан 15 настай охин галт тэргэнд дайруулсан хэрэг өчигдөр гарчээ.

Үүнтэй холбоотойгоор Цагдаагийн байгууллагаас эцэг, эхчүүдийг өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйн байдалд санаа тавихыг зөвлөлөө.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, сэтгэл зүйч Б.Очиржанцан “Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйн байдал шилжилтийн настай холбоотойгоор өөрчлөгддөг.

Тодруулбал, энэ насны хүүхдүүд сэтгэл хөдлөлөө хянах чадваргүй, тогтворгүй болох тохиолдол гардаг. Үүний улмаас тэд хэт шийдэмгий болох эсвэл шийдвэр гаргах байдал нь буурдаг. Тиймээс эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ ярилцах хэрэгтэй. Ингэхдээ өөрийнхөө үзэл бодлыг хэт тулгахгүй байхыг зөвлөж байна.

Хүүхэд том болж, хувь хүн болж байгаагийн хувьд өөрийн гэсэн үзэл бодол нь төлөвшиж байдаг тул эцэг, эхчүүдийн хэт нэг талыг барьсан үзэл бодолтой зөрчилдөх үе гардаг юм. Ийм үед хүүхэд богино хугацааны сэтгэл гутралд автах тохиолдол бий. Үүнээс болж буруу алхам хийх эрсдэлтэйг анхаарах хэрэгтэй.

Мөн хүүхэдтэйгээ ярилцахдаа хэт хатуу, ширүүн үг хэрэглэхгүй байх зэргээр ярианы үгийн сонголтдоо анхаарахыг зөвлөе. Магадгүй өмнө нь буюу биднийг бага байхад хатуу ширүүн үгээр хэлэх, гар хүрдэг байсан. Гэвч орчин үед энэ бүхэн нийгмийн цаг үеэ дагаад өөрчлөгдсөн гэдгийг ойлгохыг хүсэж байна.

Ер нь насанд хүрэгчид, хүүхдүүд ч гэж ялгалгүй, хүнд хэцүү нөхцөл тулгарахад түүнийг даван туулах сэтгэл зүйн дархлаатай болох тал дээр анхаарах шаардлагатай болсон.

Гол нь хүүхдээ сэтгэл зүйн дархлаатай болгоход эцэг, эхчүүдийн харилцаа чухал нөлөөтэй.

Хүн бүрд нас, насанд жам ёсны сэтгэл зүйн хэрэгцээ гэж бий. Энэ сэтгэл зүйн хэрэгцээ нь хүүхэд эхийн хэвлийд бий болохоос эхлээд өсвөр, идэр, өтөл нас гээд насан эцэслэх хүртэл үргэлжилдэг юм.

Тиймээс яг жам ёсны сэтгэл зүйн хэрэгцээгээ тухайн насандаа авч чадаагүйн улмаас өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн дархлаа сулрах, өөртөө итгэлгүй байх зэрэг эрсдэл үүсдэг" хэмээн хэлэв.