Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Сургууль, цэцэрлэгийн захирал, эмнэлгийн ажилчныг халсантай холбоотой цалингийн асуудлыг Төрийн албаны зөвлөл нэхэмжлэх эрхгүй"

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Төрийн албаны зөвлөлөөс өнөөдөр мэдээлэл хийх үеэр цаг үеийн зарим асуудлаар сэтгүүлчдийн асуултад Төрийн албаны зөвлөлийн Маргаан хянан шалгах газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, Төрд учруулсан хохирол хариуцсан референт Э.Мөнхгэрэл нар хариулт өглөө. 

- Төрийн албаны зөвлөлөөс сургууль, цэцэрлэгийн захирал, эмнэлгийн ажилчдын халагдаад цалингаа авч чадахгүй байгаа асуудалтай холбоотойгоор хэр ажиллаж байгаа вэ?

Э.Мөнхгэрэл: Төрд учирсан хохирлын хувьд сэтгүүлчид зөвөөр ойлгох хэрэгтэй. Хэд хоногийн өмнө ШЕЗ- д дөрвөн тэрбум төгрөгийн хохирол учирсан гэх асуудал ярьсан. Төрийн албаны тухай хуулиар Төрийн албаны зөвлөлийн чиг үүрэгтэй холбоотойгоор төрд учруулсан хохирлыг хуульчилсан байдаг.

Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйл. Төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хяналт тавих

50.1.Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ.

50.2.Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан.

Өөрөөр хэлбэл, Төрийн жинхэнэ албан хаагч гэдэг нь төрийн захиргааны албан тушаалтан, төрийн тусгай албан тушаалтан юм. Сургууль, цэцэрлэгийн захирал, эмнэлгийн ажилчид бүгд төрийн үйлчилгээний албан тушаалтан гэж явдаг. Энэ хүмүүсийг халж, чөлөөлсөн, томилсон асуудалтай холбоотой цалингийн асуудлыг Төрийн албаны зөвлөл хуулиараа нэхэмжлэх эрхгүй болчхож байгаа юм.

- Төрд учирсан хохирлын нийт үнийн дүнг хэлэх боломжтой юу?

- Төрөөс мөнгөө гарсан тохиолдолд ТАЗ шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс Төрийн албаны тухай хуулийг мөрдөж эхэлснээс хойш нийт 60 гаруй сая төгрөгийн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Үүнээс гурав нь өнөөдрийн байдлаар эцэслэгдэн шийдвэрлэгдээд буруутай албан тушаалтнаас 15 сая төгрөг орчим төлбөрийг гаргуулахаар шүүхийн шийдвэр нь гарсан бий.

ТАЗ- өөс бас шүүхэд хандахгүйгээр буруутай албан тушаалтанд шаардлага хүргүүлдэг бөгөөд санаачилгаар төлсөн хүмүүс ч бий. ТАЗ сангийн яаманд данс нээлгээд төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлээд, төвлөрүүлж байгаа.

- Ковидын тухай хуулийн хүрээнд хэчнээн албан тушаалтан халагдсан бэ?

Ч.Бат-Эрдэнэ: Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш хуулийн хүрээнд нийт 1,000 гаруй удирдах албан тушаалтан төрийн албанд томилогдсон гэх тоо урьдчилсан байдлаар гарсан. Эдгээр томилогдсон бүх хүнийг хууль зөрчсөн гэж үзэж болохгүй гэдгийг дээр хэлсэн. Тодорхой хувь нь ерөнхий болон тусгай шалгалтын шаардлагыг хангаагүй иргэд байгаа.