Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Учрал: Орон байр болон автомашинаа зарж койн аваад эрсдэлд орвол иргэд өөрсдөө хариуцна

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 10 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны тогтоолоор Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг гарч ажиллаж буй. Тус ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Н.Учрал хуультай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Сүүлийн үед иргэд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нарын талаар их сонирхож байна. Таван төрлийн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн платформ ажиллаад үүн дээр долоон төрлийн койн арилжаалагдаж байна. 2021 оны эхний хагас жилийн байдлаар хоёр их наяд төгрөгийн борлуулалт хийгдсэн.

Энэ асуудлаар иргэдэд Санхүүгийн зохицуулах хороо болон Монголбанкнаас олон удаагийн анхааруулга өгсөн. Койн авахдаа маш сайн судалж байж авах ёстой. Орон байраа зараад эсвэл янз бүрийн зээлд хамрагдаад автомашинаа зараад койн авч байгаа нь маш их эрсдэл дагуулж байна. Койн аваад ямар нэгэн эрсдэл учирвал иргэд өөрсдөө хариуцна. Төр ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээх боломж байхгүй. Сайн бодож, судалж шийдвэр гаргаач гэж хүсмээр байна.

Виртуал хөрөнгийг худалдаж авснаар хүн болгон ашигтай ажиллаагүй. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг боловсруулахдаа энэ талаар анхаарч ажиллаж байгаа. Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагаас өгсөн 15 дугаар зөвлөмжийн хүрээнд хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгох гэж байгаа.

Дэлхийн 84 улс виртуал хөрөнгийг албан ёсоор хуульчилсан. Манай улс ч гэсэн энэ хуулийг тодорхой болгож байгаа. Нийт таван үйлчилгээ үзүүлэгч платформ ажиллаж байна. Энэхүү үйлчилгээ үзүүлэгч нарт тавигдах шаардлагыг тодорхой болгож, Санхүүгийн зохицуулах хяналтаа тавин улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр авна.

Койн гаргах гэж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд хүсэлтээ гаргана. Үүнийх нь өмнө мэргэжлийн холбоогоор шаардлагатай дүгнэлт гаргуулахаар хуульд тусгаж байгаа. Ингээд дүгнэлт гаргасны дараа биржийн үйл ажиллагаа явуулж буй платформууд шаардлагад нийцсэн эсэх дүгнэлтийг гарган шаардлагатай бол арилжаагаа хийнэ.

Үйлчилгээ үзүүлж буй биржүүд койныг маш сайн анхааралтай бүртгэж авдаг болно. Биржүүд хуулиараа хариуцлага хүлээнэ. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль УИХ-аар батлагдвал энэ салбар тодорхой зохицуулалттай болно.

Өчигдөр орой нэг койн гарлаа. Эхлээд авбал дараа нь ханш нь өснө гэсэн сэтгэл хөдлөлөөр битгий хандаач гэж хүсмээр байна. Нэг хэсэг хүн ашиг хожиж байгаа ч нөгөө хэсэг нь алдагдалд орж байгааг анхаарах ёстой" гэв.