Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

Зургаа дахь удаагийн Elite International MUN цар тахлын дараах тодорхой бус ирээдүйг хэлэлцэж байна

ikon.mn
2021 оны 10 сарын 27
Сурталчилгаа
Зураг зураг

“Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулиас жил бүр зохион явуулдаг Elite International MUN буюу Элит НҮБ-ын загвар хурал энэ өдрүүдэд болж байна.

Сурагчид өөрсдөө зохион байгуулдаг Elite International MUN-ийн энэ удаагийн загвар хурлын УОК-ын зөвшөөрлийн дагуу, коронавирусийн эсрэг халдвар хамгааллын өндөр түвшний дэглэмийн дор хийж, сурагчид цар тахлын дараах тодорхой бус ирээдүйгээ гурван өдөр хэлэлцэж байгаагаа онцлог юм.

Зургаа дахь жилдээ болж байгаа Elite International MUN загвар хурлын талаар оролцогч, зохион байгуулагч сурагчдын сэтгэгдлийг сонслоо.

“Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч М.Гарьд:

Элит олон улсын НҮБ-ын загвар хурал нь жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Жил бүр өөр өөр сэдвээр болдог. Өмнөх жилүүдэд бид Уур амьсгалын өөрчлөлтийг болон Ковидын дараах шинэ бодит байдлыг онцолж байсан бол энэ жил “Тодорхой бус ирээдүй” сэдвээр монгол, англи, орос, хятад гэсэн дөрвөн хэлээр хэлэлцүүлгийг явуулж байна. Мөн халдварын нөхцөл байдлаас шалтгаалаад энэ жил бид яах аргагүй илүү өндөр түвшний хяналт дор ажиллах шаардлагатай болсон. Бид УОК-оос тусгай зөвшөөрөл авч байж энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа.

 

Өмнөх жилүүдэд зохион байгуулагчаар ажиллаж байсан бол энэ жил багаа удирдаад Ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг гүйцэтгэж байна. “Тодорхой бус ирээдүй” гэдэг нь яах аргагүй бидэнд хамаатай сэдэв учраас боловсролыг ярьж байна, залуучуудын оролцоо гэх мэт бидэнд нөлөөлөх сэдвүүдийг сонгосноороо онцлог.

Elite MUN загвар хурлаас хүүхдүүд маш их зүйлийг суралцдаг. Миний хувьд зохион байгуулах багт ч тэр, хурал даргалахад ч тэр олж авсан хамгийн том ур чадвар бол багийн ажиллагаа. Багаа яаж удирдах, багийн гишүүдтэйгээ яаж харилцах, яаж холбоо харилцаагаа сайжруулах вэ гэх мэт багийн ур чадвар дээр сүүлийн гурван жил маш их суралцсан. Түүнээс гадна хувь хүн талд маань ч их нөлөөлсөн. Би санхүү, бизнесийн удирдлагын чиглэлээр ажиллах сонирхолтой байгаа хэдий ч НҮБ-ын загвар хурлуудад оролцож, олон улсын харилцаа, улс хоорондын дипломат харилцааг судлаад ирэхээр НҮБ-д ажиллах хүсэл эрмэлзэл их төрсөн.

Бусад хүүхдүүдэд хандаж хэлэхэд манай НҮБ-ын загвар хуралд өргөнөөр идэвхтэй оролцож байгаарай. Бид жил бүрийн арга хэмжээнийхээ дараа анхаарах зүйлсийн талаар дараагийн үеийнхэндээ захидал үлдээдэг. Тийм ч учраас манай “Улаанбаатар Элит” сургуулийн зохион байгуулдаг НҮБ-ын загвар хурал жил ирэх тусам илүү сайжирч, чанаржиж байгаа.

 

МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургуулийн I курсийн оюутан Г.Жавхлантөгс:

Өнөөдөр Elite International MUN 2021 үйл ажиллагааны Европын холбооны Хороон даргаар ажиллаж байгаа. Энэ загвар хуралд би гурав дахь удаагаа оролцож байгаа. Өмнөх жилүүдэд төлөөлөгчөөр ажиллахад давуу талуудыг нь мэдрээд жил болгон энэ үйл ажиллагааг сайжирч байгааг харахад баяртай байгаа. Энэ жилийн онцлог бол КОВИД-19 цар тахлын үед маш өндөр дэглэм дор үйл ажиллагаа явуулж байгаагаараа онцлог. “Улаанбаатар Элит” сургуулийн сурагчдын зохион байгуулдаг НҮБ-ын загвар хурал бусад загвар хурлаас ялгардаг гол онцлог нь дөрвөн хэл дээр явагддаг. Тэр нь хүүхдүүдийн оролцоог маш сайн хангаж өгч байгаа юм. Хүүхдүүд англи хэлэндээ сайн биш орохгүй байх тохиолдол байдаг. Би ч бас тэр хүүхдүүдийн нэг байсан. Харин дөрвөн хэлээр явагддаг болсноор хүссэн сурагч бүр оролцох боломжтой болж байгаа юм.

Хороон даргаар ажиллахын хувьд маш их авууштай байр суурь гэж боддог. Яагаад гэвэл төлөөлөгчид нь нүдэн дээр сайжраад, оролцоод цаашдын хороон дарга болоод магадгүй Монголын НҮБ дээрх дипломатчид болохыг үгүйсгэхгүй. Тиймээс хороон даргаар ажиллаж байгаа маань нэр төрийн хэрэг, би маш их баяртай байна.

 

MUN бусад сургуулиудад нээлттэй, танигдсан үйл ажиллагаа байдаг. Би “Орхон Хасу” дунд сургуульд байхдаа анх оролцох боломжийг сургууль маань олгосон. Сургуулиа төгссөн ч гэсэн оролцох боломжтой байгаа нь мөн авууштай. Гурван сарын турш энэхүү загвар хурлаа хийх гэж бүгд хичээж, ядарсан ч бүгдээрээ сэтгэл хангалуун байгаад маш их баяртай байна.

“Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч Чанюу Ма:

Тайваньд амьдарч байгаад өнгөрсөн жил Монголд ирсэн. Elite International MUN-д анх удаа оролцож байгаадаа баяртай байна. Би Хятад хороо буюу НҮБ-ын Нийгэм эдийн засгийн хороонд төлөөлөгчөөр ажиллаж байна. Манай хороо Дэлхийн даяаршил боловсролд үзүүлж байгаа үр нөлөө, Даяаршил ирээдүйн боловсролд ямар нөлөө үзүүлж байна вэ гэсэн хоёр сэдвээр хэлэлцүүлэг хийж байгаа. Ангийн хүүхдүүд маань энэ хурлыг зохион байгуулаад, даргалж байгаа нь намайг илүү идэвхтэй болгож байна. Найзууд маань чадаж байгаа учраас би бас чадна гэсэн урам зориг авсан.

Даяаршил бол хоёр талтай. Сайн тал гэвэл улс орон хоорондын үл ойлголцол багассан. Хүүхдүүд бие биеэ илүү ойлгох боломжтой болж байна. Нөгөө талдаа даяаршил нь нэг соёл нөгөөхөөсөө илүү гэсэн ойлголтыг хүмүүст өгч байна. Тиймээс энэ асуудлыг шийдэхийн тулд хүүхдүүд эх хэл дээрээ бүх хичээлээ үзэж байж даяаршлын сул талыг эвдэнэ. Нөгөө талдаа эх хэлээр сурахыг нь урамшуулж, төр засгаас дэмжих хэрэгтэй гэж бодож байна. 

 

Нийслэлийн Нэгдүгээр дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч С.Анударь:

Elite International MUN-2021-т анх удаа оролцож байна. Би Арабын Лигийн гишүүн Судан улсын төлөөлөгчөөр ажиллаж байгаа. Сурагчид өөрсдөө зохион байгуулдаг гэхэд маш өндөр хэмжээнд зохион явуулж байна. Амьдралын гоё туршлага болон үлдэх юм байна.

Энэ загвар хуралд оролцсоноороо маш их туршлагатай болж, хэлэлцэж байгаа сэдвийнхээ талаар илүү өргөн мэдлэгтэй болж, харилцааны чадвараар ч тэр, боловсрол талаараа ч туршлага хуримтлуулах боломж олгож байгаад баяртай байна.

Өнөөдөр бид нойрсуулах үйлчилгээний тухай ярилаа. Өөр өөрийн улсыг төлөөлөөд тухайн сэдвээр байр сууриа илэрхийлж байгаа. Үүний тулд төлөөлж байгаа улсаа өндөр түвшинд судалж, шийдлүүдээ гаргаж ирж байгаа нь авууштай бөгөөд хүүхдийг нээж өгөхөд дэм болдог юм байна.

 

“Орхон Эмпати” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч У.Эрдэнэтуул:

Энэ бол миний оролцож байгаа анхны НҮБ-ын загвар хурал. Маш их баяртай байна. Үеийнхэн маань ямар их хөгжсөн байгааг хараад бахархаж байна. Оролцож байгаа хүүхдүүдээс маш их зүйлийг суралцаж байна. Олон улсын дипломат харилцааг сонирхох хүсэл илүү төрлөө.

Би Кени улсыг төлөөлж, олон улсад нойрсуулах үйлчилгээг хориглох уу, хууль ёсны болгох уу гэдгийг хэлэлцэж байна. Миний төлөөлж байгаа улс шашинлаг үзэлтэй учраас хориглохоос өөр аргагүй. Шашных нь үзэлтэй мөргөлдөх учраас хэдий би өөрөө нойрсуулах үйлчилгээг дэмжиж байгаа ч төлөөлж байгаа улсаа хүндэтгээд эсэргүүцэж байр суурьтайгаар багаараа ажиллаж байгаа юм.

Хүн комд орсон байж болно, бидэнтэй харилцаж чадахгүй, өөрийгөө илэрхийлж чадахгүй ч гэсэн маш их өвдөлтийг өөрийн биеэр туулж байгаа. Ханиад хүрээд халуурахад яаж өвддөг билээ, түүнээс хэдэн мянга дахин илүү өвдөлтийг мэдэрч өдөр хоногийг өнгөрөөж байгаа гэдэг талаас нь би дэмждэг. Болж өгвөл өөрийнх нь үзэл бодолд тулгуурлах нь мэдээж зөв.

Бусад НҮБ-ын загвар хурлуудаас Elite MUN хамгийн тав тухтай, чанартай болж чаддаг гэж манай дээд ангийнхан хэлж байсан. Үнэхээр тийм байна. Зохион байгуулалт маш сайтай болдог юм байна. Надаас 1-2 насаар л ах эгч хүүхдүүд хэрнээ томчуудын ч зохион байгуулж чадахгүй байгаа арга хэмжээг маш сайн түвшинд хийж байгаад үнэхээр бахархаж байна.
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.