Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Викингүүд яг 1,000 жилийн өмнө Умард Америкт суурьшсаныг эрдэмтэд тогтоожээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Кристофер Колумбийг нээхээс өмнө Канадын Ньюфаундлэнд арлын хойд эрэгт модон байшингууд баригдсан байсан нь Викингүүд шинэ тивд түрүүлж хүрснийг баталдаг.

Гэхдээ тэд яг хэзээ энд суурьшсан цаг хугацааг нарийвчлан тогтоогоогүй байсан юм.

Тэгвэл хэсэг эрдэмтэд хамгийн орчин үеийн технологи ашиглан Викингүүдийн анх суурьшсан хугацааг Нийтийн Тооллын 1021 он гэж тогтоожээ.

Энэ нь Колумбийг ирэхээс 471 жил, өнөөдрөөс яг 1,000 жилийн өмнө гэсэн үг.

Эрдэмтэд Викингүүдийн суурьшсан газраас авсан гурван модны тайрдаст нарны шуурга хэрхэн нөлөөлснийг судлах замаар хугацааг тогтоожээ.

Нарны шуурга модны насжилтыг харуулдаг цагаригт хүчтэй нөлөө үзүүлдэг байна. Нийтийн Тооллын 992 онд болсон томоохон нарны шуурганы нөлөөлсөн цагаригнаас хойш хэдэн жилийн дараа мод тайрагдсаныг тогтооход Викингүүдийн суурьшсан жил тодорхой болжээ.

Өөрөөр хэлбэл, нарны шуурганаас хойш 29 жилийн дараа тухайн модод тайрагдсаныг баталснаа Нидерландын Гронингэний Их сургуулийн археологич, энэхүү судалгааг ахалсан Маргот Куйтемс тайлбарласан юм.

Моддыг төмөр иртэй багажаар тайрснаас харвал нутгийн уугуул иргэд биш, Викингүүд байсан гэж дүгнэсэн байна. Тухайн үед уугуул иргэд төмөр зэвсэг ашигладаггүй байжээ.

Шинэ сууринд дээд тал нь 100 орчим хүн амьдарч байгаад арав орчим жилийн дараа орхиж явсан гэж дүгнэдэг.

Модон байшингуудын хийц, загвар Гринланд, Исландад байгуулсан Викингүүдийн сууцнуудтай адилхан байдаг.

Исландад яригддаг домогт өгүүлснээр Лэйф Эриксон хэмээх хүн Викингүүдийг ахалж байсан ба байгуулсан сууринг нь Винланд гэж нэрлэж байжээ. Тэд нутгийн уугуул иргэдтэй зөрчилдөж, бас найрамдалт харилцаа тогтоож байсан гэдэг.

Атлантын далайг гаталсан Викингүүдийн аялал хүн төрөлхтний түүхэнд чухал үйл явдалд тооцогддог. Энэ бол Атлантын далайг хүн төрөлхтөн туулсан анхны баримт, дэлхийн бөмбөрцгийг хүмүүс бүрэн тойрсон анхны тохиолдол юм.

Америк тивд хүмүүс Сибирь, Аляскаар дамжиж хүрсэн бол дараа нь Атлантын далайг гаталж хүрснээр дэлхийг бүрэн бүсэлсэн байна.

Викингүүд сайн хөлөг онгоц бүтээх, далайд төөрөлгүй аялах чадвар эзэмшсэнийхээ хүчинд Европын олон оронд колонио бий болгож, худалдаа наймаа эрхэлж байв.

Улмаар тэд Исланд, Гринланд арлуудад хүрч, цааш Канадын эрэгт хүрсэн юм.

Тэдний аяллын зорилго модны шинэ нөөц хайх байсан гэж судлаачид таамагладаг. Гринланд аралд хангалттай мод бараг байгаагүй нь Викингүүдийг аяллаа цааш үргэлжлүүлж, Умард Америкт хүргэсэн гэж дүгнэсэн байна.

Викингүүдийн ид хүчирхэг байсан эрин үеийг Нийтийн Тооллын 793-1066 он гэж түүхчид үздэг.

Эрдэмтэд өмнө нь уламжлалт аргаар тогтоохдоо Викингүүдийн сууринг XI зууны аль нэг онд байгуулагдсан гэж үздэг байжээ.

 

Эх сурвалж: Reuters