Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Бороогоулд ХХК "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 10 сарын 18
Сурталчилгаа
 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд  Бороогоулд ХХК-ийн хамт олон нэгдлээ.  Энэхүү ажлын хүрээнд тус компани Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол сумдын нутагт байрлах Бороо болон Төв аймгийн Борнуур сумын нутагт байрлах Улаанбулагийн уурхайн талбайд 2021 оны 10 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд нийт 3000 мод тарив. Улаанбулагийн уурхайн дотоод замын дагуу 1200 метр орчим газарт 800 ширхэг хайлаас, 400 ширхэг улиас тарьж, хамгаалалтын зурвас байгуулжээ.

Бороогоулд компанийн байгаль орчны нөхөн сэргээлтийн хүрээнд хэрэгжүүлж буй  ойжуулах хөтөлбөрийн талаар:

Бороогоулд ХХК нь байгаль орчны нөхөн сэргээлт, ойжуулалт, мод үржүүлэг, биологийн олон янз байдлын дүйцүүлэн хамгаалах хөтөлбрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирлээ. Бороогийн уурхайн талбайдаа мод тарих, ойжуулах, мод үржүүлгийн талбай байгуулах зэрэг ойжуулалтын ажлуудыг 2007 хойш санаачлан хэрэгжүүлж байна.  

Энэ хугацаанд биологийн нөхөн сэргээлтийн хүрээнд нийт дөрвөн удаа мод үржүүлгийн плантаци байгуулсан бөгөөд ойжуулалтад шаардлагатай модны тарьц, суулгацын тодорхой хэсгийг өөрсдөө бэлтгэж ирсэн аж. 2021 оны нөхөн сэргээлтийн ажлын хүрээнд өнгөрсөн жил шинээр ойжуулсан талбай болон өмнөх онуудад ойжуулсан талбайнуудын модны нөхөн тарилтанд зориулж улиас, хайлаас, агч, бургас зэрэг 800 гаруй мод шинээр тарьж, нийт модны талбайнуудад арчилгаа, усалгааг хариуцан гүйцэтгэв.

Улаанбулаг төслийн биологийн олон янз байдлын дүйцүүлэн хамгаалах хөтөлбөрийн хүрээнд 2021 онд Төв аймгийн Борнуур сумын Нарт багийн Шивэрти нэртэй газарт тус сумын харьяат “Толийн гарам” ХХК-тай хамтран нийт 10 га талбайг нарс модны тарьцаар ойжуулжээ.  

Бороогийн уурхайн биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах хөтөлбөрийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын  Бортолгой нэртэй 45 га газарт цөлжилтөөс хамгаалах ойн зурвас байгуулах төслийг 2018 оноос хэрэгжүүлжээ. Уг төслийн хүрээнд 2018-2020 онд нийт 22000 гаруй мод тарьсан байна. Мөн 2021 онд нэмж 5.7 га хамгаалалтын зурвас газарт 3060 ширхэг улиас тарьж, 0.7 га газарт ховор, содон ургамлын цуглуулга байгуулах зорилгоор жигд, өрөл, мойл, хус, нарс, гацуур, голт бор, гүйлс, бүйлс, гандигар, тэсмэг, татар далан хальс, хөх далан хальс, улаалзгана, бөөрөлзөнө, сарнай, нохойн хошуу, арц, цагаан  цээнэ зэрэг 21 нэр төрлийн мод сөөг, 500 ширхэг тарьц, суулгац тарижээ. Төслийн талбайд модны усалгааг дуслын усалгааны системээр шийдэж арчлан ургуулдаг.

Байгаль орчны нөхөн сэргээлт, ойжуулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан тэргүүн туршлагууд дээрээ үндэслэн Бороогоулд ХХК “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг цаашид ч дэмжин ажиллаж, хувь нэмрээ оруулж ажиллана гэдэгт итгэлтэй байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.