Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Батзориг: Нийлүүлэлтийн шинжтэй инфляцыг мөнгөний бодлогоор “эмчлэх” боломжгүй

ikon.mn
2021 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Эдийн засагч Г.Батзоригтой инфляц, мөнгөний бодлогын үр нөлөө зэрэг цаг үеийн сэдвээр ярилцлаа.

-Инфляц сүүлийн саруудад төв банкны зорилтот түвшнээс даваад байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ ийнхүү өсөж байгаа гол үндэслэлийг нь хэрхэн харж байна вэ?

-Үнийн өсөлт зөвхөн Монголд ч бус дэлхий нийтийн асуудал болж байна. Ковидын улмаас улс орнууд мөнгөний болон сангийн зөөлөн бодлогыг жил гаруй хугацаанд хэрэгжүүллээ. Гэсэн хэдий ч вирусын шинэ хувилбарууд гарч ирснээр нөхцөл байдлыг дээрдүүлэхгүй байна. Цар тахлаас үүдэн нийлүүлэлтийн сүлжээний доголдол бий болсон, тээвэр болон хадгалалтын зардал нэмэгдсэн, хөл хорионы дараа газрын тосны үнэ өссөн зэрэг нь инфляцыг өрдөхөд хүргэж байна.

Манай дээр илэрч буй шинж тэмдэг ч үүнтэй төстэй. Экспорт, импорт дээр гацаа үүсэж, махны нийлүүлэлт доголдож, шатахууны үнэ огцом нэмэгдсэнээр инфляцад голлон нөлөөлж байна. Улмаар мах, шатахуун, хатуу түлш гэсэн 3 бүтээгдэхүүн инфляцын талыг бүрдүүлж байна.

-Үүнийг мөнгөний бодлогын арга хэрэгслүүдээр шийдвэрлэх боломжтой юу?

-Монголбанк зах зээлд хатуу түлш, мах, шатахуун нийлүүлж чадахгүй. Тиймээс бодлогын хүүг өсгөөд эдгээр барааны үнэ буурахгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, мөнгөний бодлогоор эмчилдэг инфляц биш. Нийлүүлэлтийн шалтгаантай гэж нэрлэдэг ийм төрлийн инфляцыг Засгийн газрын бодлого, хөтөлбөрийн түвшинд авч үзэж байж зохицуулна. Жишээ нь, гааль дээр үүссэн гацааг Засгийн газар шийдэх ёстой. Тээвэр ложистикийн асуудлыг шийдэх, зохицуулалтыг сайн хийх, бүр чадахгүй бол үнийг нь чөлөөтэй орхичихвол дээр дурдсан бүтээгдэхүүний үнэ тогтворжино.

Харин эрэлтийн гаралтай буюу эдийн засгийн идэвхжилийн нөлөөгөөр бий болдог үнийн өсөлт одоохондоо явагдахгүй байна. Учир нь зах зээл дэх хамгийн том худалдан авагч буюу өрхийн хэрэглээ буурчихсан байна. Цаашид өрхийн хэрэглээ нэмэгдэх эсэх нь эргэлзээтэй байгаа. Ийм үед эрэлтийн гаралтай инфляц төдийлөн бий болохгүй болов уу.

-Өрхийн хэрэглээ сэргээгүй байхад мөнгөний бодлогоо чангаруулбал эрсдэлтэй гэж үү?

-Эдийн засаг сэхээнд байна гэж үзвэл эдийн засгийг босгохын тулд хэрэглэх ёстой эм нь бодлогын хүүг өсгөх биш. Бодлогын хүүг өнөөдөр өсгөсөн ч одоогийн нийлүүлэлтийн шинжтэй инфляц буурахгүй. Тэгэхээр сэргэж амжаагүй эдийн засагтаа буруу эмчилгээ хийж болохгүй. Манайд бодлогын хүүний эдийн засагт үзүүлэх нөлөө нь дор хаяж 6 сараас 1 жилийн хугацаанд бий болдог. Тийм учраас өнгөрсөн жилүүдэд буулгасан хүүгийн нөлөө энэ жилээс үр өгөөжөө өгч, эдийн засгаа дэмжих болов уу. Эдийн засгийн цусны эргэлт бол хөрөнгө оруулалт.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт, төсвийн хөрөнгө оруулалт, банкны зээл гэсэн гурван үндсэн хөрөнгө оруулалтын сувгаар эдийн засаг өсөж, өндийдөг гэсэн үг. Өнөөдөр ГШХО-ын 70 хувь нь уул уурхайд төвлөрч, Оюу толгой төслөөс шууд хамаарч байна. Төсвийн 30-40 хувь нь халамж руу явж байгаа үед хөрөнгө оруулалт нэмэгдэх, бүтээн байгуулалт явагдах боломжгүй буюу бодит секторыг дэмжихэд хэцүү байна. Бодит секторыг дэмжиж буй ганц хөрөнгө оруулалт нь банкны зээл байгаа. Одоогоор зээлийн үлдэгдэл жилийн 14 хувиар өссөн байна. Эдийн засаг дахь цусны эргэлтийг банкны зээлээр хангаж буй энэ сувгаа эргээд бид хааж, боож болохгүй л дээ. Учир нь бид өнөөх хоёр хөрөнгө оруулалтын сувгаа ашиглаж чадахгүй нөхцөлд байна. ГШХО-ыг богино хугацаанд татаж чадахгүй, төсвийн орлогоо богино хугацаанд нэмэгдүүлж чадахгүй шүү дээ.

-Инфляцын энэхүү өсөлт хэр удаан үргэлжлэх хандлагатай байна вэ. Цаашдын төлөв юунаас илүүтэй хамаарах вэ?

-Энэ нь Засгийн газрын явуулж буй бодлогоос хамаарна. Импорт талдаа, 2021 оны төгсгөл гэхэд Засгийн газар тээвэрлэлтэд үүсээд буй асуудлуудыг шийдчих болов уу гэсэн хүлээлт байна. Харин экспорт талдаа, Засгийн газраас уул уурхайн ногоон бүс дахин байгуулах тухай мэдээлэл өгч байна. Энэ нь ирэх жил экспорт гацахгүйгээр явна гэсэн итгэл найдвар төрүүлж байгаа. Экспорт саадгүй гарч эхэлснээр валютын орлого нэмэгдэж, ханш тогтвортой байх нөхцөлийг хангах юм. Тиймээс экспорт, импортын бүтээгдэхүүний тээвэр, хадгалалтын зардал буурах болов уу. Харин хатуу түлш, махны үнэ улирлын шинж чанартай учраас түр хугацааных л гэж харж байна. Өөрөөр хэлбэл, инфляцын тал хувийг бүрдүүлж буй энэ гурван бүтээгдэхүүний үнэ Засгийн газрын хэрхэн чамбай ажиллахаас л хамаарах нь.

Ковидын хүнд нөхцөл байдал 2022 оны эхний хагас хүртэл үргэлжлэх төлөвтэй. Ихэнх ААН, иргэдийн хүлээлт ч ийм байгаа. Энэ тохиолдолд эрэлтийн гаралтай инфляц өсөх шалтгаан алга. Тиймээс инфляц төв банкны тавьсан зорилтот түвшинд хадгалагдах бүрэн боломж бий. Гэхдээ энэ нь дээр дурдсан тодорхой нөхцлүүд дээр үндэслэж буйг бид анхаарах нь зүйтэй.

-Цар тахал дэгдэж эхэлснээс хойш Монголбанк бодлогын хүүг 6% хүргэж бууруулах, репо санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх зэргээр шат дараатай арга хэмжээнүүд авсан. Энэ нь эдийн засагт дэмжлэг болж чадсан уу?

-Дэлхийн төв банкууд цар тахал дэгдсэнээс хойш хүүгээ бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Үүн дээр мөнгөний бодлогын үр нөлөө гэдэг асуудал шууд яригдана. Хөгжиж буй орнуудад долларжилтоос болоод мөнгөний бодлогын үр нөлөө саараад байдаг зовлон бий. Харин энэ удаагийн бодлогын хүүгийн нөлөө саарахад хөл хорио нөлөөлчихлөө. Уг нь бодлогын хүү огцом буурчихсан, банкууд зээл олгох хүлээлттэй байв. Гэтэл борлуулалт нь тодорхойгүй, хөл хорионд орчих эрсдэлтэй компаниудад банкууд зээл олгох сонирхолгүй байсан. Тиймээс давхар репо санхүүжилт, хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч зээлийн өсөлт жилийн 14 хувьтай байна. Одоо хөл хорио яригдахгүй учраас бодлогын хүүний нөлөө илүүтэй гарах болов уу гэж харж байна. Өөрөөр хэлбэл, банкууд хөтөлбөрийн зээлээс гадна бусад зээлүүдээ олгох боломж нь нэмэгдэх төлөвтэй.

-Сүүлийн нэг жилд хадгаламж, зээлийн хүү эрчимтэй буураад байна. Энэ нь эдийн засагт ямар нөлөөг үзүүлэв?

-Харилцах дансанд хүү тооцохгүй байх, хугацаагүй хадгаламжийг цуцлах, тусгай хүү өгөхийг зогсоох зэрэг зөв шийдвэрүүдийн нөлөөгөөр банк талд эх үүсвэрийн зардал огцом буураад байна. Ингэснээр зээлийн хүү буурч, ААН-үүдэд ирж буй хүүгийн дарамтыг зөөллөж, бизнест эергээр нөлөөлсөн гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, хадгаламжийн хүү буурснаар хөрөнгийн зах зээлийн идэвхжилийг сэргээгээд байна. Хүмүүс мөнгөө зуун хувь хадгаламжинд хийдэг байсан бол зарим хэсгийг нь үл хөдлөх, хувьцаа, бонд, хөрөнгө оруулалтын санд оруулж байна. Хөрөнгө оруулалтын боломж нэмэгдэж, хэрэгслүүд төрөлжсөнөөр банканд байсан мөнгө эргэлтэд ороход түлхэц боллоо.