Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

Тахлын үеийн гэгээ | Блокчейн нийлүүлэлтийн сүлжээнд...

ikon.mn
2021 оны 10 сарын 12
Сурталчилгаа
Зураг зураг

Блокчейн, юмсын интернет нийлээд
логистикийн салбарт
тоглоомын дүрмийг өөрчлөх болно.

-Ким Хун Те, Samsung SDS компанийн дэд ерөнхийлөгч-

Блокчейний боломжоос бизнесийн олон салбар атгаж байгаа ч нийлүүлэлтийн гинжин хэлхээнд тусгалаа олоод эхэлснийг дурдахгүй өнгөрч боломгүй. Сүүлийн таван жилийн дотор блокчейн технологи ханган нийлүүлэлтийн салбарт гэрэл тусгана гэж итгэдэг хүмүүсийн тоо олширчээ. Итгэж байгаа нь ч учиртай. Ханган нийлүүлэлтийг ил тод, нээлттэй басхүү хяналттай, хамгийн гол нь хаана ямар алдаа гарч байгааг олж хараад, хариуцлагын тогтолцоог нягт болгох боломж байгаа итгэлцлийг нэмэгдүүлээд байгаа хэрэг. Уламжлалт хувилбараар бол эдгээрийг дор хаяж 2-3 компаниар аутсорсинг хийж байж нягталдаг болохоор томоохон компаниуд хошуурах нь ч аргагүй. Блокчейн ханган нийлүүлэлтийн сүлжээнд нэвтэрснээр өдөр тутмын үйл ажиллагаа оновчтой болж, дата мэдээллийг цаг алдалгүй хянаж,  эрэлтийн менежментийн зохист бодлого явуулах боломж бүрдэнэ гэж товч томъёолж болох юм. Америкийн “Эмержен” хүрээлэнгийн гаргасан судалгаагаар нийлүүлэлтийн салбарт эргэлдэх мөнгөн дүн 2028 онд 300 сая ам.доллар болж нэмэгдэнэ гэх дүн гарчээ.

Тахлын үеийн гэгээ

Мэдлэгт нэмэр: Дэлхийн гаалийн байгууллагын судалгаагаар дэлхийн 100 гаруй боомт блокчейн сүлжээнд холбогджээ.

Дэлхий даяар цар тахлын сүүдэр нөмөрсөн ч нэг талаар боломж, нөгөө талаар дохио болов. Сүүдэр сарниах гэрэл нь технологи гэдгийг цар тахал бидэнд санууллаа. Ялангуяа тээвэр, логистикийн салбарт хүссэн, эс хүссэн ч технологи хэрэгтэй гэдгийг ухамсарлах компани олон болжээ. Дэлхийн хаана ч байлаа гэсэн ханган нийлүүлэлт ус агаар шиг хэрэгтэй. Тиймгүй бол дэлхий дахин бараа, таваарын хомсдолд орно. Үүнийг Британид шатахуун, европын холбоонд байгалийн хий, хойд африкийн орнуудад хүнсний хомсдол нүүрлэж байгаагаас хангалттай харж болохоор байна. Магадгүй тээвэр, логистикийн салбар технологийн дэвшилд консерватив, илүү прагматик ханддаг байсан гэж тооцвол цар тахал технологийн дэвшил зайлшгүй шаардлагатай гэдгийг ойлгуулсан ч байж мэднэ. Нөхцөл байдал яаж ч эргэсэн тээвэрлэлт явж л байх учиртай.

Дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч Өмнөд Солонгос, Нидерланд, Бельги, Арабын нэгдсэн Эмират улсууд тахлын үеийн асах гэрэл нь блокчейн гэж тодорхойлжээ. Тэд эдийн засгаа аварч үлдэхийн тулд гадаад худалдаагаа сайжруулах ёстой. Сайжруулах гол жор нь блокчейн гэж ойлгосон тул гол, гол боомтуудаа блокчейнд холбохоор болж. Тэд цар тахалд буруугаа тохоод, элдэв хөл хориогоор иргэдээ айлгахыг урьтал болгосонгүй.

Уншигч та Тээврийн салбарын блокчейнийн эвсэл/Blockchian in Transport Alliance/ гэж сонсож байв уу. Блокчейн технологийн ололт амжилтыг зам тээврийн салбарт нэвтрүүлэх гол зорилготой компани, улс орнууд нэгдэн 2017 оны наймдугаар сард  уг эвслийг байгуулсан юм. Одоогоор уг эвсэлд 10 гаруй компани, 25 гаруй улс орны 500 гишүүн нэгджээ. Тус эвслийн цахим хуудсанд дурдсанаар гишүүдээсээ жил бүр нэг их наяд ам.долларын орлого төвлөрүүлж байна. Эвслээс яг одоо зам тээврийн салбарт блокчейн нэвтрүүлэх нэгдсэн стандарт боловсруулахад анхаарч буй. Цаашлаад гишүүддээ чиглэсэн сураглт зохион байгуулж, шинэ тутам шийдлүүдийг цаг алдалгүй ашиглах, онол, арга зүйн зөвлөгөө өгөх аж. Дээр дурдсан улс орнууд энэ эвслийн гишүүд. Тийм ч учраас тэд блокчейн технологийг өндрөөр үнэлж байна. Дэлхийн гаалийн байгууллага хүртэл блокчейний ач холбогдлыг өндрөөр үнэлдэг. Энэ зуун бол гаалийн салбар үндсээрээ өөрчлөгдсөн зуун байна гэдгийг Гаалийн байгууллага албан ёсоор тодорхойлоод удаагүй байна.

Нийлүүлэлтийн гинжин хэлхээнд гэрэл тусгах таван шалтгаан

Чанарын удирдлага

Ханган нийлүүлэх сүлжээнд блокчейн технологи нэвтэрснээр нэгж бүтээгдэхүүний гарал үүслийг бодитоор танин мэдэх боломжтой болно. Өгөгдөл бүрийг хэн нэгэн өөрийн дураар өөрчлөх боломжгүй тул бүтээгдэхүүн чухам ямар зам туулж эцсийн зогсоолдоо ирснийг үр дүнтэй хянана гэсэн үг.

Ачаа тээврийн бодит хяналт

Цаасан баримт бичгийг үүлэн тооцооллоор нэгтгэх тул ачаа тээвэр чухам хаана явааг хянах боломж бүрдэнэ. Ажилтан Б гэх нөхөр чухам хаана явааг цаг алдалгүй, цаас шаардалгүй хормын дотор мэднэ гэсэн үг.

Эзэндээ очих хүргэлт

Элдэв нэхэмжлэл, төлбөр тоо, бараа таваарын хөдөлгөөн зэргийг ухаалаг гэрээнд үндэслэн зохицуулах тул “манай ачаа эзэндээ хүрсэн болов уу” гэж санаа зовох захирлуудын тоо буурна гэсэн үг. Блокчейний өгөгдлүүд нь хувиршгүй мөр үлдээдэг тул гэрээгээр хүлээсэн үүргээ аль, аль тал хүлээсэн эсэхийг шалгахад хөндлөнгийн аудит шаардлагагүй болно. Хүргэлтийн хурд нэмэгдэн, процедурын алдаа буурах боломж бүрдэнэ.

Ил тод байдал

Энэ үг магадгүй улстөрийн уриа шиг сонсогдож болох. Тодорхойгүй мэдээлэл нь аливаа нууц агуулж байдаг. Нийлүүлэлтийн сүлжээнд тулгардаг гол асуудлын нэг нь ердөө л энэ. Ач холбогдолтойд тооцогдсон бүх мэдээлэл блокчейнд хадгалагддаг тул ачаа тээвэр ямар ч замаар, аль ч дэд бүтцээр тээвэрлэгдсэн бай хүссэн үедээ шалгаж болно. Хэн нэгэн этгээд дундаас нь бараа зувчуулж, тэндээс мөнгө унагаадаг монгол аргыг үүгээр таслан зогсооно гэж ойлгоход гэмгүй.

Автоматчилагдсан төлбөр тооцоо

Нэг бүсээс нөгөө бүсэд, нэг аймгаас, нөгөө аймагт тээвэрлэж, олон байгууллага, хувь хүн үүнд оролцдог болохоор нийлүүлэлтийн сүлжээ үүсэж байгаа юм. Тиймээс төлбөр тооцооны асуудал ихээхэн төвөгтэй нөхцөл үүсгэдэг. Нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч талууд төлбөр тооцоон дээр л алдагдал хүлээдэг гэх судалгаа гарчээ. Блокчейн технологи нэвтэрснээр төлбөр тооцоог хэн нэгэн А, Б гэх нөхөр бус автомат өгөгдөл шийдэх тул баримт бичиг, орлого, зарлагын “падаан” шаардахгүй. Нэг ёсондоо мөнгө хаашаа урсаад, төлбөр хаашаа ороод байгааг хаа хүссэн газраасаа хянах боломж олгоно гэсэн үг.

Нийлүүлэлтийн сүлжээнд гэрэл нэмж буй гурван старт-ап

SyncFab

Үнэлгээ: 17 сая ам.доллар

АНУ-д төвтэй “SyncFab” старт- ап үндсэн эд анги нийлүүлэлтийн платформ бий болгожээ. Энэ платформ эд анги худалдах, худалдан авах, орлого, зарлага хянах, хөндлөнгийн аудит хийх зорилготой өөрсдийн блокчейнийг бий болгосон юм. Тус компани сансар судлал, эрүүл мэндийн салбарт үндсэн эд анги нийлүүлэх сүлжээг хангаж байна. Хамгийн сүүлд уг компани 2021 оны дөрөвдүгээр сард Lockheed Martin компанитай блокчейнд суурилсан үйлдвэрлэлийн худалдаа, нийлүүлэлтийн сүлжээнд хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.

RoadLaunch

Орлого: 5 сая ам.доллар

Канадад төвтэй  уг старт-апыг технологийн салбарт манлайлагч Factor компани төсөл болгон хөгжүүлж байна. Энэхүү старт-апын бүтээсэн цахим хэтэвч аливаа компанийн бүх төрлийн гүйлгээг хялбараар хянах боломж бүрдүүлжээ. Ихэвчлэн ачаа тээвэр, далайн тээврийн компаниудтай төлбөр тооцооны бүрдүүлэлт, баримт бичиг боловсруулдаг байна.

EverLedger

Орлого: 4 сая ам.доллар

Их Британид төвтэй блокчейн технологийн энэ старт-ап уул уурхайн салбарт голлон анхаарч байна. Аливаа бараа, материалыг биет байдлаар загварчилж, улмаар гарал үүсэл, үйлдвэрээс гарсан огноо зэргийг нь танин мэддэг бие даасан өгөгдөл юм. Тухайлбал очир эрдэнэ байлаа гэхэд үүнийг 40 гаруй өгөгдлөөр хэмжиж үнэт чулууны эзэмшигч, гарал үүсэх, бүтээгдэхүүн хуурамч, эсвэл жинхэнэ болохыг хормын дотор таньж мэддэг байна.

Нийлүүлэлтийн сүлжээнд өнгө нэмж буй гурван компани

Amazon.com, Inc.

Цахим худалдааны аварга загас Amazon компани дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компаниудын нэг. Уг компани блокчейн технологи, үүлэн тооцоолол, хиймэл оюун ухааны салбар нэгж байгуулж түүндээ хөрөнгө оруулдаг цөөн компанийн нэг. Компанийн веб үйлчилгээний салбар нэгж Amazon Managed Blockchain үйлчилгээг нэвтрүүлсэн юм. Энэ үйлчилгээ нь тээвэрлэлтийг үйлдвэрлэгчээс хэрэглэгчид хүргэх бүх шат дамжлагыг өөрсдийн өгөгдөл дээрээ тулгуурлан үр ашигтай байдлаар шийджээ.

Microsoft

Тус компани үүлэн тооцоолол, блокчейнд голчлон анхаардаг юм. Үүлэн тооцооллын Azure компанитай гэрээ байгуулан үйлдвэрлэлийн шат дамжлага бүртээ ашиглаж байна. Түүнчлэн Azure Blockchain Workbench системээр тээвэрлэлтийн дэд бүтцээ шийджээ. Бүтээгдэхүүнээ тээвэрлэх, ханган нийлүүлэх, гүйлгээний мөр зэргийг түргэн хугацаанд хянах боломж үүгээр бүрдсэн байна.

IBM

Компьютерийн технологийн алдарт IBM компани блокчейнийг дотооддоо нэвтрүүлсэн анхдагч компаниудын нэг. Нийлүүлэлтийн бүхий л шат дамжлагаа ухаалаг, энгийн, хялбар  гэж тодорхойлсон IBM компани IBM Blockchain үйлчилгээг салбар нэгж болон бусад компаниудад санал болгож байна. Блокчейн технологи нэвтэрснээр аудит,эрсдлийн менежментийн зардал мэдэгдэхүйц буурч, гэрээ болон төлбөр тооцооны баримт бичиг цаас шаардахгүй болсон байна. Тус компанийн хөгжиж буй улс орнуудтай энэхүү технологио хуваалцдаг. Хамгийн тод жишээ нь Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби, Дубай хотууд юм.