Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

"COVID-19-ийн эсрэг үр дүнтэй гэгдэж буй Molnupiravir эмтэй ижил үйлчилгээтэй эмийг эмчилгээнд хэрэглэж байна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Манай улс COVID-19 халдварын үеийн эмчилгээнд Тоцилизумаб гэх эмийг шинээр хэрэглэж эхэлжээ.

Эмийн хатуу зохицуулалт бүхий улс орнуудад хүлээн зөвшөөрөгдсөн уг эмийг албан ёсоор Монгол Улс 14 хоногийн өмнөөс хэрэглээнд нэвтрүүлсэн гэдгийг Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн зохицуулах газрын дарга Б.Буянтогтох хэллээ.

"COVID-19-ийн эмчилгээнд хэрэглэх эмүүдийг зөвхөн эмчийн заалтаар уух ёстой"

Тэрбээр "Уг эм нь ДЭМБ-ын удирдамжид эрт орсон. Тодруулбал, өнгөрсөн долдугаар сард ДЭМБ-аас уг өвчний халдварын эмчилгээнд яаралтай нөхцөлд хэрэглэж болно гэж зөвлөсөн байдаг. Харин манай улс тус эмийг 14 хоногийн өмнөөс эмчилгээнд хэрэглэж эхэлсэн.

Гэхдээ өвчнийг эмчлэх үйл явц ганцхан эмээс хамаарахгүй гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Одоог хүртэл ДЭМБ болон дэлхийн улс орнууд цор ганц COVID-19-ийн эсрэг үйлчилгээтэй эмийг гаргаж ирээгүй байна. Тоцилизумабын хувьд, гаднын улсуудад өмнө нь өөр өвчний үед хэрэглэгдэж байсан үрэвслийн эсрэг үйлчилгээтэй эм.

Түүнээс гадна, Merck компанийн бүтээсэн, коронавирусийн эсрэг үр дүнтэй гэгдэж буй Molnupiravir нэртэй шинэ эм нь бидний өнөөдөр эмчилгээнд хэрэглэж байгаа эмүүдтэй ижил вирусийн эсрэг үйлчилгээтэй.

Molnupiravir нь манай улсад орж ирээгүй ч бид тус эмийн хүрээний буюу адилхан вирусийн эсрэг үйлчилгээтэй эмийг коронавируст халдварын эмчилгээнд хэрэглэж байгаа. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэл нь өөр л болохоос яг ижилхэн үйлчилгээтэй эмүүдийг эмчилгээнд хэрэглэж байна.

Аливаа өвчний үед дан ганц эм асуудлыг 100 хувь шийдэхгүйг анхаарах нь зүйтэй. Гол нь эмийг тухайн хүний биеийн онцлогоос хамааран хэрэглэж болохгүй заалт бий.

Тиймээс коронавирусийн эсрэг эмчилгээнд үр дүн үзүүлэх эмүүдийг зөвхөн эмчийн хяналтад, эмчийн заалтаар хэрэглэх ёстой” хэмээн асуултад хариуллаа.

Ташрамд дурдахад, COVID-19 халдварын үеийн эмчилгээнд вирусийн эсрэг болон дархлаа дэмжих үйлчилгээтэй эмүүд хэрэглэгдэж байгаа бөгөөд түүний нэгд Тоцилизумаб гэх эм шинээр багтаж байгаа юм.