Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

ХӨГЖИМ ЗОГСОХ УЧИРГҮЙ

ikon.mn
2021 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Маргааш буюу 10 сарын 2-ны 19.00 цагаас Монголын хамгийн том хөгжмийн наадам болох PLAYTIME 2021 үзэгчдэд хүрэх гэж байна. Уг наадам цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн нэг жилээр хойшилсон гэлээ хөгжмийг түгээх, уран бүтээлчдийг дэмжих, шинэ хөгжмийг тогтвортой олон нийтэд хүргэх наадмын эрхэм зорилгын хүрээнд  PLAYTIME 2021 VIRTUAL 2.0-ийг бүтээсэн байна.

PLAYTIME 2021 VIRTUAL 2.0 нь  наадмын албан ёсны фэйсбүүк, уoutube сувгаар  үнэ төлбөргүй цацагдах бөгөөд дээрх платформуудад контентыг нөхөж үзэх боломжгүй ч VOO дээр хүссэн үедээ үзэхээр байрших юм.

Цаг үеийн олон хүчин зүйлүүдээс үл хамаарч “Хөгжим зогсох учиргүй” үзэл санаанд нэгдэн уг наадмыг цаашлаад хөгжмийн салбарын, хөгжим сонирхогчдын төлөө хувь нэмрээ оруулж PLAYTIME 2021 VIRTUAL 2.0 –г ивээн тэтгэсэн VOO, GEM DRAFT, SHOPPY.MN, RED BULL, GOETHE INSTITUT нарт гүнээ талархаж буйгаа илэрхийлэе. 

PLAYTIME 2021 VIRTUAL 2.0 –Бидэнд юу бэлдсэн бэ?

Рок, инди, метал, поп, хип хоп, жазз, регги, соүл, нео-соүл зэрэг олон хөгжмийн урсгалын нийт 37 хамтлаг, уран бүтээлчийн шинэ дуу хөгжийг бид сонсож, тэдний гайхалтай тоглолтыг үзэх болно.

Playtime Stage

Нэг том заалны хоёр тайзнаас уран бүтээлчид ээлжилж дуу хөгжмөө хүргэнэ, сүүлийн хэдэн жил хөтлөгчгүй зохиогдож байсан бол энэ удаа наадмын үүсгэн байгуулагч, продюсер Ц.Нацагдорж хөтлөх юм. Түүнчлэн “Ocean Grey” продакшныг онцлон  yран бүтээлчид нь оролцохоос гадна өөр шинэ залуу уран бүтээлчдийг танилцуулах болно.

 

Playtime Basement

Таны дуртай хамтлагийн уран бүтээлчид чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөж, тэдний орох дуртай газруудыг харуулсан, уран бүтээл бусад сэдвийн тухай өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэн ярилцлагаас бүртэх энэ хэсэг өөр өөр газар тоглолтын зураг авалт нь хийгдсэнээрээ онцлог.  Улаанбаатар хотынхоо хөгжмийн салбарын цаашлаад залуучуудын ертөнцийг тольдоорой.

 
 

Playtime+ Хэлэлцүүлэг

Playtime наадам бол зөвхөн хөгжмийн салбараар зогсохгүй Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлж буй хамгийн том  салбар  юм.  Тэр ч утгаараа “Монголд хөгжмийн бүтээлч үйлдвэрлэлийг хэрхэн хөгжүүлэх вэ?” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлөн  зочноор уран бүтээлч Магнолиан, Шарк Д.Энхтүвшин, продюсер Б.Наранзун, наадмын үүсгэн байгуулагч Ц.Нацагдорж нар оролцох билээ.

Playtime Tribute to Nisvanis 25th anniversary

Бидний хайрт Нисванис хамтлаг энэ жил 25 нас хүрч байна. Наадмын зүгээс Нисванис хамтлагт хүндэтгэл үзүүлэн тусгай хөтөлбөр зориулжээ. Хамтлагийн дуунуудыг хөгжмийн төрөл бүрийн урсгалаар ковер хийх мөн уг хамтлагийн хөгжмийн салбарт болон уран бүтээлчдэд өгсөн урам зориг, өөрчлөлтийн түүхийг тэдний үнэнч сонсогчдын ярилцлагаар хүргэх юм.

Playtime DJ Set

Tөгсгөлийн хэсэгт ДиЖэй Psychedelicprism, Nomt нар хаалтыг хийж сетээ хүргэх болно. 

Хөгжимч зогсох учиргүй!

2027 онд Азийн тэргүүлэх топ 5 хөгжмийн фестивалийн нэгт багтах зорилготой Playtime наадам Улаанбаатар хотыг хөгжмийн хот болгох, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, залуусын хөгжмийн боловсролыг дээшлүүлэхэд бодит хувь нэмэрээ оруулсаар байна.  Тэр ч зорилгоо ямар ч цаг үед тасралтгүй биелүүлэн “Хөгжим зогсох учиргүй” уриан дор зохиогдож буй PLAYTIME 2021 VIRTUAL 2.0-г танд зориулан бэлтгэлээ. 

 

 

Д. Оюунномин