Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

“Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлзүйн ур чадварын сургалтын төв” байгуулах төслийн эхний үе шат амжилттай хэрэгжлээ

ikon.mn
2021 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар Пийс Авенью Ротари клуб нь Олон Улсын Ротари Сангийн санхүүжилтээр нийт 189,000 ам.доллар буюу 538.6 сая төгрөгийн өртөг бүхий Монголын анхны бүрэн компьютержсэн “Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлзүйн ур чадварын сургалтын төв (First Birthing Simulation Center)” байгуулах төслийн эхний үе шатыг амжилттай хэрэгжүүлж дууслаа.

Судалгаагаар эхийн эндэгдлийн дөрөвний гурав нь жирэмсний болон төрөх үеийн хүндрэлээс шалтгаалдаг байна. Эх хүүхэд эсэн мэнд амаржихад  хамгийн чухал зүйлийн нэг нь төрөлт бүрийг эх барихын ур чадвартай эмнэлгийн мэргэжилтэн эх барьж, яаралтай үед зохих шатны эх барихуйн шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэх юм. 

Монгол улс нь эхийн эндэгдэлийг бууруулах мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлсэн цөөн хэдэн улсын нэг болсон ч тогтвортой биш байна. Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд 2030 он гэхэд сэргийлж болох эхийн эндэгдлийг тэглэх зорилт тавьсан энэ үед бид эх барихын тусламж үйлчилгээ үзүүлэгчдийг чадавхижуулах, мэргэжил дээшлүүлж буй, мэргэжил олгох сургалтанд хамарагдаж буй резидент, шинэ төгссөн эмч нар болон эх баригч нарын эх барихын тусламж үзүүлэх ур чадварыг сайжруулах үүднээс АШУҮИС-ийн АУС-ийн Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхимийн дэргэд дуураймал орчинг бүрдүүлсэн сургалтын төв байгуулж байгаадаа их баяртай байна. Орчин үед хүний эрхийн асуудалтай холбоотой бодит орчинд эмнэлзүйн дадлага хийх боломж улам бүр багассаар байгаа билээ.  

 

Энэхүү “Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлзүйн ур чадварын сургалтын төв” нь эх барих эмэгтэйчүүдийн эмч, эх баригч, сувилагч, хүүхдийн эмч, дадлагажигч эмч, оюутнуудад эх барихын эмнэлзүйн сургалт явуулах дуураймал орчинг бүрдүүлж төрөх тусламж, кесар болон умай авах мэс засал, төрсний дараах цус алдалтын үед тусламж үзүүлэх, жирэмсний оношилгоо зэрэг төрөх үеийн хүндрэлүүдийг багаар үзүүлэх сургалтуудыг бодит орчинд комьпютержсэн тоног төхөөрөмжүүд ашиглан зохион байгуулах юм.

Төслийн эхний шатанд Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлзүйн ур чадварын сургалтын төвд  хүлээн авах яаралтай тусламжийн өрөө, дүрс оношилгооны өрөө, төрөх өрөө, мэс заслын өрөө гэсэн 4 үндсэн тусламжийн дуураймал орчинг бүрдүүллээ.

 

Мөн эх барих бусад тусламж, мэс ажилбарыг бичлэгээр дэлгэцээр үзүүлэх сургалтын өрөөг  бүрэн тоногжуулан тохижуулж өглөө. Төслийн хоёр дахь шатанд бид мэргэжилтэн солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх юм. АНУ-аас мэргэжилтнүүд авчирч сургалт зохион байгуулах, мөн Монголоос дөрвөн мэргэжилтнийг АНУ-д ур чадварын сургалтын төвүүдээр зочлуулан, энэхүү төвийг хэрхэн амжилттай явуулах талаар хоёр долоо хоногийн дадлага сургалтанд хамруулна.

Олон Улсын Ротари Сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй тус төслийн зорилго нь   цаашид Монгол Улсад сурч боловсорч буй эх барих эмэгтэйчүүдийн эмч, сувилагч, оюутнуудад эх нялхсын эрүүл мэндийн чиглэлээр үндэсний болон олон улсын стандартад нийцсэн боловсрол мэргэжил эзэмшүүлэн, бэлтгэгдсэн ур чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэх, улмаар төрөлтийн хүндрэлийн эрсдэл, эхийн болон нярайн эндэгдлийг бууруулахад хувь нэмэр оруулах явдал юм.


Улаанбаатар Пийс Авенью Ротари Клуб